Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүх хуралдаан өчигдөр /2019.03.13/ болж, Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Р.Эрдэнэбүрэн болон Ж.Гантөгс нарт холбогдох хэргийг хянан хэлэлцэж, цагаатгасан шийдвэрийг нь хэвээр баталжээ.
Авлигатай тэмцэх газраас 2016 онд Р.Эрдэнэбүрэнг өөрийн хөрөнгө орлогоо их хэмжээгээр нэмэгдсэнийг хууль ёсны дагуу тайлбарлаж чадаагүй гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн байна. Тодруулбал, 380 сая төгрөгөөр орон сууц худалдан авснаа үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй гэж үзсэн аж. Р.Эрдэнэбүрэн нь уг орон сууцыг авахдаа дүүгийнхээ орон сууцыг худалдсан, хувиараа бусдад мөнгө зээлсний төлбөр, найз Ж.Гантөгсөөс мөнгө зээлж байр авсан” гэх зэргээр тайлбарласан байна. Харин найз нь гэх Ж.Гантөгс би мөнгө зээлээгүй” гэж мэдүүлж байсан бол дараа нь “зээлүүлсэн” гэж мэдүүлгээ өөрчилжээ.
Улмаар энэ хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд гэмт хэргийн шинж тогтоогдсонгүй гэж үзэн, хэрэгсэхгүй болгожээ. Давж заалдах шатны шүүх хурлаас мөн анхан шатны шүүхийн тогтоолыг хэвээр баталсан бол Улсын дээд шүүх мөн үндэслэлтэй хэмээн үзжээ.