УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2019.03.22/ хуралдаанаар Зэвсэгт хүчний Жанжин штаб /ЗХЖШ/-ын даргыг томилох асуудлыг хэлэлцлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс хошууч генерал А.Ганбатыг ЗХЖШ-ын даргаар томилох асуудлыг зөвшилцөхөөр УИХ-д хүргүүлсэн ба нэр дэвшигчийг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 93.3 хувийн саналаар дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар оруулахаар тогтсон байна.
Нэр дэвшигчээс гишүүд асуулт асууж, хариулт авсан юм.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:ЗХЖШ-ын даргад нэр дэвшиж буй А.Ганбатын хувьд бүх шатны ангийг дамжсан цэргийн дээд сургуулиудыг Монголоос алтан медальтай төгссөн цөөхөн хүний нэг. Хамгийн гол нь Монголын Зэвсэгт хүчний шилдэг дарга нарын гараар бэлтгэгдсэн, Цэргийн шинжлэх ухааны доктор ийм хүн. Таныг ЗХЖШ-ын дарга болно гэдэгт итгэлтэй байна.
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ:Төрийн сүлдэндээ үнэнч, ёс зүйтэй байгаарай, байгууллагынхаа нэр хүндийг бодож ажиллаарай, хувь, хувьсгалаа ялгаарай, томилсон хүндээ биш төрийн сүлдэндээ үнэнч ажиллаарай гэж захья. Төрийн сүлдэндээ сүү өргөдөг ард түмэн үнэндээ та бүхнээр төрийг төсөөлдөг. Зөвхөн улстөрчдөөр биш. Энэ бүхнийг бодож ажиллаарай, та.
Хошууч генерал А.Ганбат нь Ардын армийн 019 дүгээр ангид сургуулийн салаан захирагч, БХЯ-ны долдугаар хэлтэс, ЗХЖШ-ын нэгдүгээр газарт офицер, Ардын цэргийн 126 дугаар нэгтгэлийн штабын даргын нэгдүгээр орлогч, оперативын тасгийн дарга, Зэвсэгт хүчний 131 дүгээр ангийн штабын дарга, захирагчийн нэгдүгээр орлогч, ЗХЖШ-ын Хэмжил зүй, техник хяналтын албанд улсын байцаагч, хэмжил зүйч, БХЯ-ны Стратегийн судалгааны хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, ЗХЖШ-ын Цэргийн удирдлага, стратегийн төлөвлөлтийн газрын орлогч дарга, хэлтсийн дарга, ЗХЖШ-ын сургалт, зохион байгуулалт эрхэлсэн орлогч дарга, ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, Цэргийн удирдлага, стратегийн төлөвлөлтийн газрын дарга, ЗХЖШ-ын тэргүүн дэд дарга, Ерөнхий зориулалтын цэргийн командлагч, Улаанбаатар Цэргийн хүрээний даргаар тус тус ажилласан ба 2005 онд хошууч генерал цол хүртжээ.