Өнөөдөр Баянзүрх дүүргийн 10, 19 дүгээр хорооны иргэдийн дунд дүүргийн ИТХ-ын дахин сонгууль болж байна. Санал хураалтын ажиллагаа өглөө 07.00 цагт эхэлсэн бөгөөд орой 22.00 цагт хаалгаа барих аж.
Энэ удаагийн дахин сонгуульд Бүгд Найрамдах нам, Монголын Ногоон нам, Монгол Ардын нам, Монгол Консерватив гэсэн дөрвөн намын найман нэр дэвшигч, дөрвөн бие даагч нэр дэвшжээ. Санал хураалтын ажиллагааг Нийслэлийн сонгуулийн хороо хариуцан ажиллаж байгаа юм.
Энэхүү хоёр тойрогт 2016 оны аравдугаар сард орон нутгийн сонгууль болсон хэдий ч нэр дэвшигчид сонгууль шудрага бус явагдсан хэмээн үзэж шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Ингээд шат шатны шүүхээр хэлэлцэгдэж Улсын Дээд шүүхээс энэ хоёр тойргийн нөхөн сонгуулийг дахин явуулах шийдвэрийг гаргажээ.
Санал хураалт явагдаж байгаатай холбогдуулан Баянзүрх дүүрэгт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр зогсоох захирамжийг дүүргийн Засаг дарга гаргасан байна. Мөн олон нийтийг хамарсан арга хэмжээ, соёл урлаг, үзвэр үйлчилгээ, спортын арга хэмжээ зохион байгуулахыг хориглоод байна.