Монгол Улсын Засгийн газар нь НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн Хүний эрхийн ээлжит дүгнэлт хэлэлцүүлэг, Хүний эрхийн хороо, Эрүүдэн шүүхийн эсрэг хороо, Эрүүдэн шүүхийн асуудлаарх Тусгай илтгэгчээс эрүүдэн шүүх, хэрцгий, хүнлэг бус харьцах явдалтай тэмцэх, буруутай этгээдийг шийтгэх, хараат бус мөрдөн байцаах албаа чадавхжуулах талаар зөвлөмж хүлээн авч, тэдгээрийг хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн билээ.
Монгол Улсын төрөөс Үндсэн хууль, холбогдох хууль тогтоомж, олон улсын гэрээний дагуу эрүүдэн шүүхээс ангид байх, шударгаар шүүлгэх эрхийг хангах үүргээ биелүүлэхэд анхаарал хандуулсан нь сайшаалтай. Гэвч Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, түүнийг дагасан бусад хуулийн төслийн зохицуулалт нь эрүүдэн шүүхтэй тэмцэхээс илүүтэйгээр шударгаар шүүлгэх эрхийн баталгааг үгүйсгэж, шүүх тогтолцооны хараат бус байдлыг алдагдуулан, эрүүдэн шүүх гэмт хэрэгтэй тэмцэх асуудлыг улам хүндрүүлэх эрсдэлтэй байна.
Иймд дээрх хуулийн төслийн зохицуулалтаас илүүтэйгээр нэн тэргүүнд НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг конвенц, Монгол Улсын Үндсэн хуульд заасан эрүүдэн шүүхээс ангид байх эрхийг хангах, Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцийн Нэмэлт протоколоор хүлээсэн үүргээ биелүүлэн эрүүдэн шүүх гэмт хэргийг хараат бусаар мөрдөн байцаах албыг сэргээж, Эрүүдэн шүүхээс Урьдчилан Сэргийлэх Үндэсний Механизмийг бий болгох нь илүү оновчтой алхам болохыг онцолж байна.
Шүүхийн хараат бус, бие даасан байдал нь хүний эрхийг эдлүүлэхэд онцгой ач холбогдолтой. Тиймээс гүйцэтгэх засаглал эсхүл улс төрийн нөлөөлөл, хяналтын давуу эрхээр шүүх эрх мэдэл рүү халдаж болохгүй.
Монгол Улсын Их Хурал нь Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, түүнийг дагасан бусад хуулийн төслийг нухацтай хэлэлцэн, хүний эрхийг дордуулсан хууль батлахгүй гэдэгт итгэж байна.
Үүний зэрэгцээ дээр дурдсан эрүүдэн шүүх гэмт хэргийг хараат бусаар мөрдөн байцаах алба, Эрүүдэн шүүхээс Урьдчилан Сэргийлэх Үндэсний Механизмийг нэн даруй байгуулахыг уриалж байна.
МОНГОЛЫН ЭМНЕСТИ ИНТЕРНЭШНЛ