Энэ сарын 15-наас Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх нийт 20,9 км авто замыг хааж шинээр авто зам тавих ажил эхлэх гэж байгаа билээ. Үүнтэй холбогдуулан 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд уг чиглэлийн авто замын хөдөлгөөнийг дараах байдлаар зохицуулахаар болсон байна.
-Зүүн болон өмнөд бүсийн Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Говьсүмбэр аймгууд, нийслэлийналслагдсан Багануур, Багахангай, Налайх дүүрэг, Тэрэлж Горхийн аялал жуулчлалын бүсээс Улаанбаатарын чиглэлд хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслийн бүх жин нь 3,5 тн-оос дээш ачааны машин, 8-аас дээш хүний суудалтай зорчигч тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг “Налайх, Чойрын уулзвар-4 дүгээр зөрлөг-Төв аймгийн Зуунмод-Улаанбаатар”, “Улаанбаатар-Зуунмод-4 дүгээр зөрлөг-Налайх, Чойрын уулзвар” гэсэн чиглэлээр зохион байгуулна.
– Бүх жин нь 3,5 тноос дээш ачааны автомашин болон 8-аас дээш хүний суудалтай зорчигч тээврийн хэрэгслээс бусад тээврийн хэрэгслүүд Гачууртын уулзвараас-Налайх, Чойрын уулзвар хүртэлх чиглэлд гаргасан түр замаар зорчино.
Тээврийн цагдаагийн албанаас автозамын барилгын ажлыг гүйцэтгэхтэй холбогдуулан дээрх чиглэлүүдийн автозамын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллах бөгөөд иргэдийг мэдээлэх самбар, тэмдэг, тэмдэглэлийн дагуу хөдөлгөөнд оролцохыг зөвлөжээ.