Монголбанкнаас томилсон эрх хүлээн авагч н.Адилбиш өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлаж мэдээлэл өглөө. Тэрээр Капитал банкны харилцах, хадгаламжийн данс эзэмшигчдийн нэхэмжлэлийг энэ сарын 22-ноос эхлэн хүлээн авна гэв. Нэхэмжлэлийг Капитал банкны Чингэлтэй дүүрэг дэх төв байранд 60 хоногийн хугацаатайгаар хүлээн авах тул эхний өдөр өгөх гэж урт дараалал үүсгэх шаардлагагүй аж. Мөн өнөөдөр банканд ажиллаж байсан 250 хүнд халах шийдвэрийг нь танилцуулжээ.
Монголбанкны Хяналт шалгалтын газрын дарга Н.Батсайхан: Капитал банк 2015 оны сүүлээр төлбөр түргэн гүйцэтгэх чадвараа алдсан байсан. Бид тус банканд шаардлага хүргүүлэн, өөрийн хөрөнгөө нэмэх үүрэг өгсөн ч заасан хугацаанд биелүүлээгүй.
н.Мөнхбат: Энэ банкны чанаргүй зээл нийт зээлийн 80 хувьд хүрч өсөн, банкны хэвийн үйл ажиллагааг цаашид явуулах ямар ч боломжгүй болсон. Мөн бүтцийн өөрчлөлт хийх боломжгүй. Өр төлбөр нь активаасаа хэтэрсэн. Иймээс нийтийн эрх ашгийг хангах зорилгоор АЛБАДАН ТАТАН БУУЛГАХ ШИЙДВЭРТ хүрсэн.
Энэ шийвэрийг Төв банкны Ерөнхийлөгч дангаараа гаргадаггүй. Монголбанкны хяналт шалгалтын хороогоор хэлэлцэн, зөвлөмж гарсны дагуу хэрэгжүүлсэн шийдвэр юм. Хорооны гишүүд санал нэгтэйгээр энэ шийдвэрт хүрсэн. Тусгай төлөөлөгч ажиллуулах бас нэг хувилбар бий. Гэвч энэ нь боломжгүй байсан.
Эрх хүлээн авагч н.Адилбиш: Эрх хүлээн авах зөвлөлийг 8 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Хууль зүй дотоодын хэргийн яам, Сангийн яам, Монголбанкны төлөөлөл багтсан юм. Бид иргэд, ААН-ээс нэхэмжлэл хүлээн авах хугацааг товлон, мэдэгдэх үүрэгтэй.
Капитал банк үүргээ биелүүлж, харилцагчийн анхны шаардлагаар мөнгөн хөрөнгийг гарган өгөх чадваргүй болсон. Энэ сарын 22-ноос эхлэн 60 хоногийн турш нэхэмжлэл хүлээн авна.
Тэд мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Ямар дарааллаар иргэдийн мөнгийг олгох вэ?
-Бид банкны тухайн өдрийн баландсад байгаа хөрөнгийг эхлээд хяналтдаа авна. Дараа нь 20-иос доош үнийн дүнтэй хадгаламжийг шилжүүлнэ. Банкны тухай хууль шинэ, Хадгаламжийн даатгалын тухай хууль ч шинэ. Ийм онцлог цаг үед бид ажиллаж байна. Энэ банкнаас үүргийн гүйцэтгэлээ шаардах иргэдийн эрхийг хамгаалахдаа хуульд заасан дарааллыг баримтална.
-Тус банкийг албадан татан буулгах шийдвэр гарсан өдрийн өмнөх өдрийг хүртэл иргэдээс орлого авсаар байсан юм билээ. Нэг иргэн 8 сая төгрөг шилжүүлсэн баримтаа үзүүлсэн. Чанаргүй зээлийн хэмжээ 80 хувьд хүрсэн гэлээ. Яагаад үүнээс өмнө арга хэмжээ аваагүй юм бэ?
-Пассив нь активаасаа давсан тул банк цаашид хэвийн ажиллах боломжгүй. Активын чанарын үнэлгээ хийсний дараа бид ерөнхийд нь банкны салбар тогтвортой байна гэж мэдээлсэн. Энэ банк нь салбарын ердөө 1 хувийг эзэлдэг тул системд ямар нэг нөлөө үзүүлэхгүй. Сүүлийн саруудад энэ банкны зээл олголтыг хязаарлан, хянаж эхэлсэн юм. Одоогоор манай хуульд чанаргүй зээлийн тааз тэдэн хувьд хүрэхээр нь арга хэмжээ авна гэсэн тодорхой заалт байхгүй.
-Төрийн 340 тэрбум төгрөгийг энэ банк хадгалж байжээ. Яагаад ийм найдваргүй банканд хадгалуулсан юм бэ? Хариуцлагыг нь хэн хүлээх вэ?
-Бид үүнийг 2015 онд шалгалтаар тогтоосон. Гэвч төрийн мөнгийг эргүүлэн авах боломжгүй байсан.
-Иргэн Г.Алтан иргэдийн иргэний үнэмлэх ашиглан, тэдний нэр дээр 20 хүртэл сая төгрөгийн данс нээн, хадгаламжаа хуваасан юм уу?
-Бид томилогдож очоод энэ асуудлыг хамгийн түрүүнд шалгасан. Нэр дурдсан иргэнд хамааралтай 2 хүний хадгаламжид ямар нэг хөдөлгөөн гараагүй байсан. Хадгаламжийн дүн хэвээрээ байгаа гэсэн үг. Учир нь Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаал гарч, 20-иос дээш сая төгрөгийн гүйлгээ хийхийг хориглосон юм. Гэхдээ иргэн Г.Алтан ийм оролдлого хийснийг банкны удирдлагууд баталсан.