Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид цагдаагийн алба хаагчийн албаны үнэмлэх болон энгэрийн тэмдэг хуурамчаар үйлдэн ашиглаж иргэдийг хууран мэхэлж байсан А гэгч этгээдийг саатуулан шалгаж эхэлжээ. Тус этгээдэд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж. Мөрдөн шалгах явцад Иргэн А нь гурван найзын хамт уг хэргийг үйлддэг бөгөөд тэд гадуур явахдаа байнга цагдаагийн алба хаагчийн дүрэмт хувцас, үнэмлэх, энгэрийн тэмдэг ашиглан ихэвчлэн шөнийн цагаар гэмт үйлдлээ хийдэг нь тогтоогдсон байна.
Иргэн А нь 2015 оноос хойш, гэмт хэргийн хамтран оролцогч 3 этгээд нь 2017 оноос хойш хуурамч цагдаагийн алба хаагчийн дүрд тоглож эхэлсэн нь тогтоогджээ. Эдгээр этгээдүүд нь цагдаагийн алба хаагчийн тусгай хэрэгсэл, тусгай дуут дохио, дүрэмт хувцас ашиглаж иргэдийг залилан мэхэлж байсан нь илэрчээ.
Иймээс иргэд та бүхэн цагдаагийн алба хаагч иргэн цол, нэр албан тушаалаа хэлэхгүйгээр нэгжлэг хийх, торгуулийн тасалбаргүйгээр торгох, шан харамж нэхсэн, хууль бус шаардлага тавибал цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утас, цагдаагийн алба хаагчтай холбоотой гомдол мэдээлэл хүлээн авах 126 дугаарын утас болон 94945490 дугаарын утсанд хандахыг зөвлөж байна.