АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэсээс өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд шалган мөрдсөн хэргийн тоон үзүүлэлтийг гаргажээ.
Монгол улсад авлигын гэмт хэргийн улмаас 2015 онд 50.3 тэрбум төгрөгийн хохирол учирч байсан бол 2016 онд гэмт хэргийн тоо буурч харин сүүлийн хоёр жилд дараалан өссөн үзүүлэлттэй гарчээ. Өнгөрөгч 2018 онд л гэхэд авлигатай холбоотой гэмт хэргүүд 663.2 тэрбум төгрөгийн хохирол учруулсан бөгөөд хэргийн мөрдөн байцаалтын явцад 17.5 тэрбум гаран төгрөгийг нөхөн төлүүлжээ. Хэргүүдийн нөхөн төлбөрт үл хөдлөх, байр, орон сууц, автомашин, тоног төхөөрөмж гэх мэт 180.6 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх эд хөрөнгө, бэлэн мөнгө хураан битүүмжилсэн байна.
Энэхүү тоон үзүүлэлтийг 2017 онтой харьцуулахад гэмт хэргийн улмаас учирсан хохирол арав, битүүмжилсэн хөрөнгө тав, нөхөн төлүүлсэн хохирлын хэмжээ зургаа дахин өссөн үзүүлэлттэй байгаа юм. Өөрөөр хэлбэл, хэргийг мөрдөн байцаалтын шатанд нөхөн төлүүлсэн дүн 2016 оныхоос 14.6 тэрбум төгрөг, битүүмжлэн хамгаалсан хөрөнгө 16.9 дахин нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа юм.