УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилгаар УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны болон Хууль зүйн байнгын хорооноос хамтран зохион байгуулсан “Хүүхдийн хүчирхийлэл, хүүхэд хамгаалал” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа.
Бэлгийн хүчирхийлэлд өртсөн нялх охидыг хамгаалах “Үжин” төвийн захирал Д.Ундраагийн үгнээс хүргэе.
Д.Ундраа” Өчигдөр бидний бодит байдлыг харсанд их баяртай байна. Өнөөдрийн хуралдаа урьж оролцуулж байгаад УИХ-ын даргад баярлалаа.
Жилээс жилд шүүх, прокурор гээд хуулийн байгууллагууд олон төрлийн судалгаа гаргаад байдаг. Гэтэл нэг аймаг дээр очоод хууль зөрчсөн болон гэмт хэргийн хохирогч болсон хүүхдийн асуудлаар ярихаар агентлаг газрууд нь дөрвөн өөр тоотой сууж байдаг. Хүүхэд хүчирхийлэлд өртөөд зургаан сар хичээлдээ яваагүй байхад нэг ч ангийн багш, нийгмийн ажилтан, сургуулийн захирал очихгүй байна. Манай төвд амьдарч байгаа 13 хүүхдийн араас нэг ч дүүргийн хууль зүйн хороо ярьсангүй. Эрүүл мэндийн газрын дарга нар ярьсангүй. Боловсрол, соёл урлагийн газрын дарга нар ярьсангүй.
Одоо сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв гээд 30 ортой хүүхдийн тасаг байна. Тэр тасагт донтолтын бүх хэлбэрээр өртсөн болон бэлгийн эрүүл мэндийн хүчирхийлэлд өртсөн охидыг цугт нь байлгаж байгаа. Яагаад тэднийг тусад нь дөрвөн ортой байлгаж болдоггүй юм.
Эрүүл мэндийн нийгмийн ажилтан гээд ажлаа мэдэхгүй, ойд төөрсөн сармагчин шиг хэдэн нөхдүүд ажиллаж байна. Нэг ч кейс нээж ажиллаж үзээгүй. Тэгээд нийгмийн ажилтан гэдэг сэтэртэй байх ямар шаардлагатай юм. Өөрсдийгөө нэг гар угаах дэлхийн өдөр, шүд угаах дэлхийн өдөр гэхээр ажилладаг хүмүүс гэж ойлгодог юм уу, хаашаа юм.
Нэг суманд 70 гаран хүн гэр бүлийн хүчирхийлэлд өртөөд баривчилгаа авчихсан байна. 72 кейс нь нээгдчихсэн байх ёстой. Гэтэл огт нээгдээгүй. Цагдаагийн байгууллага зарим суман дээр нөхөж хийж байна.
Зургаан настай хүүхдийн эрхтнээс нь идээ гоожчихсон тийм хүүхдүүдтэй л бид нар ажиллаж байна. Гэтэл бид нарын цалин хэд байна гэж бодож байна. Ийм хүнд ажил хийж байгаа учир нийгмийн ажилтан маань тогтворжихгүй байна. Тийм учраас суманд ажиллаж байгаа нийгэм бодлогын түшмэд, эрүүл мэндийн нийгмийн ажилтанууд дандаа мэргэжлийн бус хүмүүс ажиллаж байна.
Суман дээр уулзаж байгаа Засаг дарга чинь төсвийн мөнгөөр барьсан сургууль, цэцэрлэгээ ажил болгож ярих юм. Төсвийн мөнгөр барьсан замаа л ярих юм. Малын зүй бус хорогдолоо бэлчээр, худаг ус, өвөлжөөг л ярих юм. Тэр архины хамааралтай гэр бүлд хэдэн хүүхэд амьдарч байгааг, хэн багшийн ангид яваад байгаа юм. Тэр тавиулаар байгаа хүүхэд чинь бэлгийн хүчирхийлэлд өртөөд зарим нь угаартаад нас бараад байна ш дээ. Энэ тавиул хүүхэд рүүгээ Боловсролын яам хэзээ анхаарах юм.
Нэг аймагт 13 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртчихөөд байхад чинь аймгийн ЭМГ-ын даргаас асуухад ЭМ-ийн үйлчилгээг нэг нь ч аваагүй байгаа юм. Ийм л ажиллаж байгаа байхгүй юу.
Анхаарал тавьсанд баярлалаа” гэсэн юм.
УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэлцүүлэгт оролцогчдод талархал илэрхийлээд УИХ-аас батлан гаргасан хууль тогтоомжуудыг хэрэгжилтийг төрийн байгууллагуудаас шаардаж ажиллахаа сануулав. Мөн яам агентлагууд, цагдаа, хяналтын байгууллагууд хууль эрх зүйн орчныг шинэчлэх саналаа боловсруулж УИХ-д ирүүлэхийг үүрэг болголоо.
Дараагийн “Нийтийн сонсгол”-ыг 14 хоногийн дараа Хүүхдийн эрхийн асуудлаар зохион байгуулахаар болсноо албан ёсоор зарлаж, энэхүү сонсголд бүх хүн оролцох боломжтой бөгөөд иргэд гомдол, саналаа бичгээр ирүүлж болохыг хэлсэн юм. Түүнчлэн УИХ дахь Эмэгтэй гишүүдийн бүлгээс энэ сарын сүүлээр хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр томоохон хэлэлцүүлгийг олон улсын байгууллагуудтай хамтран зохион байгуулахаар болсноо зарлалаа.