Буурал тивийн хөлбөмбөгийн хамгийн нэр хүндтэй тэмцээн болох “Аваргуудын лиг”-ийн шигшээ тоглолт явагдаж өндөрлөлөө. Энэ удаагийн “Аваргуудын лиг”-ийн шигшээ тоглолтонд энэхүү цомыг таван удаа өргөсөн “Дархан аварга” Английн “Ливерпүүл” болон “Тоттенхэм” багууд өрсөлдсөн юм.
“Аваргуудын лиг”-ийн шигшээ тоглолтонд “Ливерпүүл” ес дэх удаагаа тоглож байгаа бол “Тоттенхэм” анх удаагаа тоглож байгаагаараа онцлог боллоо. Гэвч “Дархан аваргууд ”тоглолтын эхний довтолгоогоороо л өөртөө тэргүүллийг авчирсан.
“Ливерпүүл”-ийн Манены довтолгооныг хамгаалах гэсэн Сиссоко бөмбөгөнд гар хүрснээр эсрэг багт 11 метрийн цохилт “бэлэглэлээ”. Энэхүү бэлгийн цохилтыг Салах амжилттай гүйцэтгэснээр гоолын харьцааг 1:0 болгосон юм. Тэрээр энэхүү гоолыг оруулснаар “Аваргуудын лиг”-ийн шигшээ тоглолтонд хамгийн богино хугацаанд гоол оруулсан тоглогчдын жагсаалтад хоёрдугаарт бичигдэж эхэлсэн юм.
Үүнээс хойш хоёр баг гоол хийж чадалгүй явсаар тоглолтын төгсгөлд 87 дахь минутанд талбайд сэлгээгээр орж ирсэн Ориги алсын зайн хүчтэй цохилтоор багийнхаа тэргүүлийг баталгаажуулан “Аваргуудын лиг”-ийн цомыг зургаа дахь удаагаа өргөлөө.
Тэд ийнхүү түрүүлснээр “Реал Мадрид”-ын 13 түрүү, “AC Милан”-ы 7 түрүүний дараагаар гуравдугаарт жагсаж эхэлж байгаа юм.