Ардчилсан нам гэж түгжилдэхээс өөр ид шидгүй нам болжээ. Тухайлбал, өнөө өглөө НИТХ дахь АН-ын бүлгээс тодорхой асуудлуудаар мэдээлэл хийв. Мэдээлэл ч гэж дээ улс төрийн агуулга бүхий нийгэм, олон нийтийг төөрөгдүүлсэн асуудлаас хэтэрсэнгүй.
Тухайлбал, Хотын даргыг өрөөгөө засч тансаглахаар өөр ажил хийсэнгүй гэж шүүмжлэв. Б.Баатархүүгийн ярьж буй энэ агуулгаар Э.Бат-Үүл асуулт асуухад “Би өрөөгөө солихгүй, засвар хийхгүй” гэх хариултыг хотын дарга тун ойлгомжтой өгсөн байдаг.
Гэвч АН дахин энэ сэдвээр мэдэгдэл хийж байгаа нь улс төрийн агуулгатай ээлжит үйл ажиллагаа нь гэж хардахаас аргагүйд хүргэж байна.
Мөн өнөөх л бургасыг ярьж хотын даргатай хамаатуулахыг оролдож байна. Гэвч хотын дарга бургастай холбоотой мөн л тун ойлгомжтой захирамжийг 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр гаргасан байдаг. Уг захирамжид “Зүүнбаян Рефайнери” компанийн эзэмшиж байсан газрыг албадан чөлөөлөх, газар дээрх барилга, байгууламжийг албадан буулгах энэ ажлын хуулийн дагуу шуурхай зохион байгуулахыг Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны дарга Э.Болорчулуунд үүрэг болгох, нөхөн сэргээлтийн ажлыг хийлгэх тухай тун ойлгомжтой дурдсан байгааг доорх захирамжаас харж болно.
Өөрөөр хэлбэл үүсээд буй асуудлыг хуулийн хүрээнд яаралтай шийдвэрлэх, тухайн газар нутаг дээр нөхөн сэргээлт хийх үүрэг даалгаврыг аль 04 дүгээр сард өгчихсөн байна шүү дээ. Гэвч АН-ын бүлгээс хотын даргатай хамаатуулан, зориудаар мэдэн будилж мэдээлэл гаргаж байгаа нь мөн л улс төрийн агуулгатай гэж харагдаж байна.
Тэгээд ч хотын дарга Туул гол дагуу газар эзэмших зөвшөөрөл олгодоггүй гэдгийг АН-ын бүлгийн дарга Б.Баатархүү мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Тэр биднийг бодвол мэдээлэлд дэндүү ойр хүн. Улс төрийн албан тушаалтан ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ АТГ-т нотолж байж албан тушаалд томилогддог. Үүнийг улс төрийн хүчин, төрийн албан хаагчид бүгд л мэддэг. Тэгсэн атлаа мэдэхгүй царай гаргаж мэдэгдэл хийж байгааг юу гэж ойлгох вэ. Мөн үйл ажиллагааг нь аль эрт цуцалчихсан, нөхөн сэргээлт хийх үүрэг даалгаврыг холбогдох албан тушаалтнуудад нь өгчихсөн асуудлыг зориудаар олон нийтийг төөрөгдүүлэхээр мэдэгдэл хийхээр байгааг улс төрийн агуулгатай үйл ажиллагаа л гэж харж байна. Иргэд ч үүнийг ойлгодог болчихсон.
Тиймээс АН энэ явуургүй үйлдлээ зогсоож, сонгогчиддоо өгсөн амлалтаа биелүүлж, түгжилд бус хөгжилд цагаа зарцуул!