Монголын хөлбөмбөгийн шигшээ баг өнгөрөгч долоо хоногт “Катар-2022” ДАШТ болон 2023 онд зохион байгуулагдах Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны эхний тоглолтоо өөрийн талбайдаа хийсэн билээ. Энэхүү тоглолтод манай залуус Бруней Даруссаламыг 2:0-ээр хожиж эхний хожлоо байгуулсан. Хоёр багийн хариу тоглолт маргааш /2019.06.11/ Бруней улсын талбайд болох гэж байна. Энэхүү хоёр тоглолтын нийлбэр дүнгээр цааш тоглох баг тодрох юм.
Эхний тоглолтын үеэр Дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд Монгол хүн нэрээ үлдээх явдал болсон байна. Улаанбаатарт хот дахь эхний тоглолтын 11 дэх минутад багийн ахлагч, зүүн жигүүрийн хамгаалагч Н.Цэдэнбал чөлөөт цохилтоос гоол хийсэн нь “Катар 2022” ДАШТ-ий анхны гоолоор бүртгэгджээ. Хоёр багийн эхний тоглолт нь Азийн бүсийн эхний тоглолт бөгөөд Монголын багийн ахлагч Н.Цэдэнбалын нэр дэлхийн аваргын эхний гоол хэмээн түүхэнд бичигдэн үлдэхээр болжээ.