Улаанбаатараас Дархан хот хүртэл 204.11 км хатуу хучилттай авто замд их засвар, шинэчлэлийн ажил хийж байгаатай холбогдуулан тус замыг хэсэгчлэн хаахаар төлөвлөсөн билээ. Үүний дагуу Зам, тээврийн хөгжлийн сайдын 2019 оны зургадугаар сарын 13-ны өдрийн “Авто зам хаах, чиглэл өөрчлөх тухай” 192 дугаар тушаалын дагуу өнөөдрөөс эхлэн уг замыг хэсэгчлэн хаалаа.
Иймээс тус чиглэлд зорчигч тээврийн хэрэгсэл авто замын хөдөлгөөнийг түр хаасан хэсгүүдэд авто зам дагуу орших түр замаар хөдөлгөөнд оролцож, бусад хэсэгт үндсэн замаар тээвэрлэлтийг гүйцэтгэх юм. Нийт 15 цэгт энэхүү замыг хэсэгчлэн хаах бөгөөд нэг цэгийн зам засварын ажлын үргэлжлэх урт 2-3 км орчим байх аж.
Энэхүү авто замын засвар, шинэчлэлийн ажил нийслэлийн 22-ын товчооны Дархан чиглэлийн уулзвараас эхлэх тул Улаанбаатар хот доторх буюу Баруун турууны орчмын иргэд зорчихдоо Таван шар Толгойт – Орбит – Тахилтын замаар явж шинээр баригдсан түр зам руу нийлэх ба түр зам нь төмөр замын хойгуур явж төмөр замын 384-р км-ийн гарамын орчим Баруун туруунд хүрнэ.
Харин “Дархан-Уул, Сэлэнгэ” аймгийн чиглэлд зорчих тээврийн хэрэгслүүд уг уулзвараас Эмээлтийн замаар Хүй долоон худаг хурдан морины замаар дайран 361-ийн гарамаас Дархан-Сэлэнгэ чиглэлийн үндсэн замд орж явна.
Тэгвэл “Булган, Хөвсгөл, Орхон” аймгийн чиглэлд зорчих тээврийн хэрэгслүүд 22-ын салдаг уулзвараас Лүн сумаар дайран Булган аймгийн Дашинчилэн суманд хүрч цааш хэвийн зорчих юм.