Зураач Ж.Мөнхжаргалын “Сар дэлхийг зүүдэлж хоносон шөнө” бүтээл Тайванийн Тайжун хотын Да дун урлагийн 24 дэх үзэсгэлэнд дэд байрт шалгарчээ. Тус үзэсгэлэнд анх удаа монгол уран бүтээлч шагналт байранд орж буй нь энэ юм.
Зураачийг Тайваньд ирж 2600 ам.долларын шагналаа гардан авахыг урьсан байна. Зураач Ж.Мөнхжаргал бүтээлээрээ домог, түүх, шашин, байгаль орчноор дамжуулж хүн, байгалийн харилцан шүтэлцээг илэрхийлдэг онцлогтой. Да дун урлагийн үзэсгэлэнгийн шүүгчдийн зөвлөлөөс “Ж.Мөнхжаргалын усан будгийн зургийн арга техник сайтай, агуулгын хувьд нэн онцгой, уламжлалт зураг, шашны бэлгэдэл зэргийг уран төгс илэрхийлж чадсан” гэж дүгнэжээ.
Тайваниас Монголд суугаа дэд төлөөлөгч Жой Янь “Монгол улсын асар баялаг соёлын өв дурсгал, уламжлалт нүүдлийн соёл иргэншил болон зан заншил нь монголчуудын бүтээлийг нэн өвөрмөцөөр илтгэх суурь болдог гэлтэй. Энэ жил Монгол Улсаас хоёр дахь жилдээ оролцож байгаа хэдий ч эхний гурван байрын нэгийг эзэлнэ гэдэг үнэхээр бахархалтай. Төлөөлөгчийн газраас Монголын уран бүтээлч анд нөхөддөө тэмцээнд амжилттай оролцон Тайванийн төдийгүй дэлхийн олон орны хүмүүст монгол уран бүтээлчийн чанар чансаа, өнгө төрхийг батлан харуулсанд талархал илэрхийлье” хэмээн байгууллагынхаа цахим хуудсанд бичсэн байна.