“Улаанбаатар-Дархан” чиглэлийн 204.11 км хатуу хучилттай авто замын их засвар, шинэчлэлтийн ажил эхэлж байгаатай холбогдуулан 2019 оны долоодугаар сарын 15-наас эхлэн уг авто замыг улсын ашиглалтад оруулах хүртэл хугацаанд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаагаад байна.
Энэ үеэр жолооч нар түр замаар хөдөлгөөнд оролцоно. Авто замын ажлыг гүйцэтгэхдээ Улаанбаатар хотоос Дарханы чиглэлд нийт 15 цэгт хэсэгчлэн хаана.
Тус чиглэлд зорчиж буй тээврийн хэрэгслүүд авто замын хөдөлгөөн хаасан тухайн хэсэгт авто зам дагуух түр замаар хөдөлгөөнд оролцож, бусад хэсэгт үндсэн замаар тээвэрлэлтийг гүйцэтгэх юм.
Авто замын хөдөлгөөнийг 22-ын товчооны Дархан чиглэлд салдаг уулзвараас эхлэн хаасан тул Улаанбаатар хот доторх буюу Баруун зүгт иргэд зорчихдоо 5-н шар Толгойт – Орбит – Тахилтын замаар явж шинээр баригдсан түр зам руу нийлэх ба түр зам нь төмөр замын хойгуур явж төмөр замын 384 дүгээр км-ийн гарамын орчим Баруун туруунд хүрнэ.
“Булган, Хөвсгөл, Орхон” аймгийн чиглэлд зорчих тээврийн хэрэгслүүд 22-ын салдаг уулзвараас Лүн сумаар дайран Булган аймгийн Дашинчилэн сумаар хөдөлгөөнийг үргэлжлүүлнэ. Иймд иргэд та бүхэн дээрх чиглэлүүдэд зорчихдоо батлагдсан замналын дагуу замын хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган тээвэрлэлт хийхийг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөж байна. “Улаанбаатар-Дархан” чиглэлийн замын ашиглалтад орох хугацаа 2019 оны 11 дүгээр сар.
Эх сурвалж: ТЦА