Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны долоодугаар сарын 29-нөөс 2019 оны наймдугаар сарын 3-ны өдрүүдэд АНУ-д айлчилахаар болсон.
Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп нар Цагаан ордонд ганцаарчилсан уулзалт хийж, өргөтгөсөн хэлэлцээ хийхээр төлөвлөж байгаа юм.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-ын Конгресст өргөн барьсан Гуравдагч хөршийн худалдааны хуулийн улсын хууль тогтоох байгууллагын төлөөлөгчидтэй уулзаж, ярилцахаар төлөвлөжээ.
Айлчлалын үеэр Стратеги, олон улс судлалын хүрээлэнд Монгол-АНУ-ын харилцааны асуудлаар илтгэл тавьсныхаа дараа тус улсад ажиллаж амьдарч байгаа Монгол Улсын иргэдтэй уулзахаар төлөвлөж байна.
Энэ удаагийн айлчлалаар улсын аюулгүй байдлыг бэхжүүлэх, хоёр орны хөгжил дэвшлийг дэмжихэд чиглэсэн Монгол Улс, АНУ-ын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд анхаарч байгаа аж.