Энэ хүн хүслээрээ биш, хувь тавилангийнхаа эрхээр ЗХУ-ын сүүлчийн иргэн болжээ. Түүнийг сансарт байх хооронд эх орон нь задарч бутарсан бөгөөд тэрээр сансарт хамгийн удаан хугацаанд байснаараа дэлхийн дээд амжилт тогтоосон юм. Учир нь түүнийг дэлхийд буцаан авчрах боломжгүй байлаа. Чамайг сансарт илгээсэн тэр улс одоо байхгүй хэмээн тайлбарлаж түүнийг дэлхийд буцаж ирэхийг нь хориглосон аж. Түүнийг сансарт үүргээ гүйцэтгэж байх зуур Москвад эргэлт гарчээ. Гэхдээ “МИР” сансрын станц Дэлхийг тойрч эргэсээр.
Энэ станц түүний гэр, ЗХУ-ын сүүлчийн хэлтэрхий болжээ. Дөрвөн сарын өмнө зөвлөлтийн Байконур буудлаас ЗХУ түүнийг сансарт илгээсэн бөгөөд таван сарын хугацаанд үүрэг гүйцэтгүүлэхээр бэлтгэл ажлыг нь хангасан аж. Гэвч гэнэт улс орон нь задарсан нь сансар судлалын салбарт асар том цохилт болж түүнийг буцаан авчрах мөнгө улсад байхгүй болжээ. Тиймээс сансарт аль болох удаан тэсэхийг Нислэг Удирдах Төв түүнээс хүссэн байна.Тогтоосон хугацаанаас илүү хугацаагаар тойрог замд байх нь эрүүл мэндэд ч хөнөөлтэй учраас түүнд маш хүнд байв. Сансрын цацраг, хорт хавдар үүсэх эрсдэл, дархлаа сулрах гээд үүний үр дагавар ч маш ноцтой байлаа. Хэрэв хүсэх юм бол Сергей дуртай үедээ “МИР” станцыг орхиж чадах боломжтой. Учир нь станц дээр аврах бортого бий. Гэвч ингэвэл станц үгүй болох тул Сергей үүрэг биелүүлж буй станцаа хаяагүй юм. Ингээд түүний нислэг төлөвлөсөн хугацаанаас хоёр дахин урт, 311 хоног үргэлжилсэн юм. “МИР” станц руу дөрвөн удаа нислэг хийхээр төлөвлөснөөс ердөө хоёрыг нь л гүйцэтгэжээ.
Хоёр даалгаврын нэгийг нь ч бүхээгийн инженерээр нөхөн бүрдүүлж чадахгүй байлаа. Орос улсад хэт инфляц эхэлжээ. Засгийн газар зарж болох бүхнийг борлуулж, “МИР” станц доторх суудлыг хүртэл худалджээ. Япон улс нэг суудлыг 12 сая доллароор, Австри улс 7 сая доллароор тус тус худалдан авсан байна. Ажиллах чадвартай байгаа дээр нь станцаа зарах талаар ч боджээ. Сергей Крикалеваас бусад багийн гишүүд бүгд гэр гэртээ харьсан байв.
Герман улс өөрийнхөө бүхээгийн инженерийг 24 сая доллар төлж явуулах болсноор тэрээр эх дэлхийдээ буцан ирэх боломжтой болжээ. Ингээд Сергей Крикалевын бортого 1992 оны III сарын 25-нд газардсаны дараа хамгаалах өмсгөл дээрээ СССР гэсэн бичигтэй хүн дотроос нь гарч ирсэн юм. Мөн тэрээр гартаа Зөвлөлт Холбоот Улсын далбааг барьсан байлаа.
Түүний газардсан Аркалыка хязгаар нутаг Зөвлөлтийн нутаг дэвсгэр бус Казахстан улсынх болжээ. Өөрийнх нь төрөлх хот Ленинград нь Санкт-Петербург ч болсон байв. Зөвлөлтийн сансрын нисгэгчийн 600 рублийн өндөр цалингаар нь ганцхан кг хиам л авч болж байв. Түүний энэхүү хичээл зүтгэлийг төр засаг үнэлж хоёр жилийн дараа түүнд “ОХУ-ын баатар” цол, ОХУ-ын баатрын анхны Алтан таван хошуу медаль олгосон юм. Үүнээс хоёр жилийн дараа нь тэрээр Олон улсын сансрын станц “МКС” дээр ажилласан анхны хүн болон тэмдэглэгдэн үлдсэн юм.