Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-д айлчлахаар өнөөдөр эх орноосоо мордох гэж байна. Энэ удаагийн айлчлал 2019 оны наймдугаар сарын 3-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд айлчлалын хүрээнд АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамптай ганцаарчилсан уулзалт хийж, өргөтгөсөн уулзалт хийхээр төлөвлөжээ.
Ерөнхийлөгчийн энэхүү айлчлалтай холбогдуулан Цагаан ордоноос гаргасан мэдэгдэлд “АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 2019 оны долдугаар сарын 31-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгыг Цагаан ордонд хүлээн авч уулзана. Энэхүү айлчлал нь АНУ, Монгол Улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, хоёр орны хөгжил цэцэглэлт, аюулгүй байдал, найрамдалт харилцааг бэхжүүлэхэд чиглэгдэнэ.
Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нар Энэтхэг, Ази Номхон далайн бүс нутгийг тогтвортой байлгах, хоёр орны тогтвортой түншлэлийг хангах зорилготойгоор батлан хамгаалах, аюулгүй байдал, худалдаа, хөрөнгө оруулалт, тусгаар тогтнол, хууль дүрмийг сахин дээдлэх зэрэг асуудлыг нээлттэй, чөлөөтэй хэлэлцэнэ” хэмээн дурьджээ.
Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-ын Конгресст өргөн барьсан Гуравдагч хөршийн худалдааны хуулийн асуудлаар тус улсын хууль тогтоох байгууллагын төлөөлөгчидтэй уулзаж, ярилцана. Мөн Стратеги, олон улс судлалын хүрээлэнд Монгол-АНУ-ын харилцааны асуудлаар илтгэл тавьсныхаа дараа тус улсад ажиллаж амьдарч байгаа Монгол Улсын иргэдтэй уулзахаар төлөвлөжээ.