Маргааш буюу наймдугаар сарын 8-нд дэлхийд зэвсэгт хүчнээрээ тэргүүлэгч хоёр улсын Батлан хамгаалахын яамны удирдлагууд Монгол улсад нэгэн өдөр айлчилж, Монгол улсын Ерөнхийлөгчид бараалхан Батлан хамгаалах яамны удирдлагуудтай уулзалт хийх юм байна.
АНУ-ын Батлан хамгаалахын сайд Марк Эспер нь Австрали, Шинэ Зеланд, Япон, Монгол, Өмнөд Солонгос гэсэн улсуудад айлчлал хийх бөгөөд ийнхүү манай улсаас айлчлалаа эхлэх юм. Марк Эспер өглөө 10.00 цагт Батлан хамгаалах яаманд хүрэлцэн ирж Батлан хамгаалахын сайд Н.Энхболдтой уулзалт хийнэ. Үүний дараа Төрийн ордонд Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхах юм байна.
Харин ОХУ-ын Батлан хамгаалахын орлогч сайд А.В. Формин 11:50 цагт Батлан хамгаалах яаманд хүрэлцэн ирж дэд сайд Т.Дуламдоржтой уулзалт хийнэ.