Ирэх долоо хоногийн даваа гарагт Төв аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх бүрэлдэхүүн Тагнуулын ерөнхий газрын дарга асан, хошууч генерал Б.Хурц, Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарын есөн хүнд холбогдох хэргийг хянан хэлэлцэх гэж байна. Өмнөх шүүх хуралдааны үеэр шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх бүрэлдэхүүнээс татгалзсанаар шүүх хуралдааныг хойшлуулаад байсан юм. Өмгөөлөгчийн хүсэлтийг Төв аймгийн шүүх бүрэлдэхүүн хэлэлцэж, хүсэлтийг хүлээн авахаас татгалзсанаар ийнхүү шүүх хуралдаан товлогдлоо.
Тэгвэл энэхүү шүүх хуралд Олон улсын парламентын холбооны удаирдах зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг судалж, холбогдох санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий түр хорооноос ажиглагчаар оролцох хүсэлт хүргүүлсэн байна. Энэ тухай тус Түр хороон дарга Ж.Батзандан “Бид шүүхийн хараат бус байдалд итгэхгүй байна. Иймд 8.12-ны өдөр Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр болох Б.Хурц нарын 9 хүнд холбогдох шүүх хуралд Түр хорооны гишүүд ажиглагчаар оролцох хүсэлт гаргалаа” хэмээн өөрийн фэйсбүүк хуудсаар дамжуулан мэдэгдлээ.