Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсаны амь насыг хөнөөсөн хэрэгт холбогдуулан ял эдэлж буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг байцаахдаа эрүүдэн шүүсэн, хэргийг хүчээр тулгасан хэмээн үзэж Генерал Б.Хурц нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн билээ. Тус хэргийг шүүх хурал Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр үргэлжилж байгаа юм. Энэхүү шүүх хурал болж байгаатай холбогдуулан Түр хорооны гишүүдийн зүгээс ажиглагчаар оролцох хүсэлтээ шүүхэд гаргасан.
Шүүх бүрэлдэхүүн тэдний хүсэлтийг сая авч хэлэлцээд ажиглагчаар оролцуулахаас татгалзсан байна.
Шүүхээс эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх явцад улстөрчид хөндлөнгөөс оролцох нь эрсдэлтэй бөгөөд улсын нууцтай холбоотой асуудал яригдах тул нууцын зэрэглэлд сөргөөр нөлөөлөх, цаашлаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх хуралд “ажиглагч”-аар оролцох гэсэн утга тусгагдаагүйтэй холбоотой байж магадгүй хэмээн эх сурвалжууд тайлбарласан юм.
Энэхүү шүүх хуралд Түр хорооны дарга УИХ-ын гишүүн Ж.Батзандан, хорооны гишүүн, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Я.Санжмятав, Ө.Энхтүвшин, А.Сүхбат, Х.Нямбаатар, Л.Болд нар ажиглагчаар оролцох хүсэлт хүргүүлээд байсан билээ.