Онгоц Улаанбаатар хот руу дөхөх тусам ямар их догдолдог гэж санана. Хурдан гэртээ очоод аав, ээжтэйгээ уулзах сан, үнсүүлэх сэн гэж яардаг. Монголын жүдо бөхийн 48 кг-д М.Уранцэцэг гавьяат барилдаж байгаа болохоор алзахгүй. Тиймээс Риогийн олимпод зодоглох зорилгодоо хүрэхийн тулд Казахстаны саналыг хүлээн зөвшөөрөхөөс өөр арга байгаагүй. Казахстанд очсоныхоо дараа УАШТ-д өрсөлдөх л хамгийн хэцүү байсан. Учир нь энгэртээ Монголынхоо Төрийн далбаатай өмсгөл өмсөөд дэвжээнд гартал шүүгч хуулах, эсвэл Казахстаны далбаатай өмсгөл өмсөхийг шаардсан. Аргагүйн эрхэнд өмсгөлөөсөө Төрийнхөө далбааг хуулахад хамгийн хүнд байв. “Би Монгол хүн. Хатуужилтай, тэвчээртэй байх хэрэгтэй. Хүний нутагт нулимсаа үзүүлж болохгүй шүү” гэж өөрийгөө хэчнээн ирлэж, хичээсэн ч өөрийн эрхгүй уйлчихсан. Тэр үед “Эх орон, монгол түмэн минь уучлаарай. Би та нарынхаа итгэлийг амжилтаараа хариулна аа” гэж өөртөө хэлж билээ. Дахиж төрийнхөө далбаатай өмсгөл өмсөн тэмцээнд оролцож чадахгүй гэж үү гэж бодохоор л…(уйлав)
Эмэгтэй дүү минь “Аниа та хэзээ ирэх вэ” гэж бараг өдөр бүр шахам асуудаг.
“Иргэншлээ солин байж Казахстанд ирчихээд зорилгодоо хүрч чадахгүй бол яана аа” гэх бодол өөрийн эрхгүй төрдөг юм билээ. Тэгээд л өмнөхөөсөө бүр их хичээсэн. 10 удаа сунайдаг байсан бол 20 болгоод, бэлтгэлийнхээ ачааллыг ч нэмсэн. Би бэлтгэлээ ганц удаа ч тасалж байгаагүй. 2015 оны эхэнд би дэлхийн чансаанд тавдугаарт эрэмбэлэгдэж байсан. Гэтэл иргэншлээ сольсны дараа тэг болсон. Ер нь бүхнийг шинээр эхэлсэн гэхэд хилсдэхгүй. Би зорилгодоо хүрч, боломжоо бүрэн ашиглахын тулд өдөр, шөнийг умартан зүтгэсэн. Цүнхээ даахгүй шахам ядраад харих үе надад өчнөөн бий. Нэг жинд хоёр шилдэг тамирчин барилдвал бие биенээ ирлэж, хурцлах сайн талтай ч арай ур чадвар дутуу нь “дарагддаг” гэмтэй. Надад ч бас тэгэх эрсдэл байсныг үгүйсгэхгүй, нуугаад ч яах вэ. Би Монгол хүн болж төрсөнөөрөө бахархдаг. Олимп, Дэлхийн дэвжээнд амжилт гаргаж явахдаа эх орноороо үргэлж омогшдог. Зорилгодоо хүрч, нүүр бардам амжилт гаргасныхаа дараа Монголдоо буцаж ирнэ…
Галбадрахын Отгонцэцэг