Монгол улсын Үндэсний статистикийн хорооноос мал тооллогын урьдчилсан дүнг танилцууллаа. Жил бүр явагддаг мал тооллого улсын хэмжээнд 12 сарын 7-17-ны өдрүүдэд явагдсан бөгөөд урьдчилсан байдлаар 70 сая 949.9 мянган толгой мал тоологдсон байна. Ингэснээр Монгол улс түүхэндээ хамгийн олон мал тоолуулж байгаа бөгөөд өмнөх оноос 4.5 сая толгой буюу 6.8 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм.
Малын тоог задалбал:
• Адуу- 4 сая 213.8 мянга
• Үхэр- 4 сая 751.7 мянга
• Тэмээ- 472.4 мянга
• Хонь- 32 сая 258.7 мянга
• Ямаа- 29 сая 253.4 мянган толгой болжээ.
Мөн үүнээс гадна “Малчин өрхийн тоо энэ онд 1700-гаар өссөн бол малчдын тоо өмнөх оноос 1.2 хувиар буурсан байна. Мал тооллогын үеэр зөвхөн мал тоолдоггүй, малчдынхаа нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг давхар тоолдог. Судалгаагаар нийт малчдын 40 хувь нь зээлтэй байна. Зээлтэй малчдын дийлэнх буюу 33 хувь нь 35-44 насныхан. Нийт малчдын 27.4 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл төлж байна” хэмээн ҮСХ-ноос мэдээллээ.