2020 онд урьдчилсан гүйцэтгэлээр дотоодын нийт бүтээгдэхүүн (үйлдвэрлэлийн аргаар тооцсон) 37 их наяд төгрөг болж, өмнөх оноос 322.3 (0.9%) тэрбум төгрөгөөр, 2010 оны зэрэгцүүлэх үнээр 18 их наяд төгрөг болж, өмнөх оноос нэг (5.3%) их наяд төгрөгөөр тус тус буурсныг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
2018 онд 7.2 хувь, 2019 онд 5.2 хувийн өсөлттэй гарч байв.
Харин 2020 оны эхний улиралд 10.7 хувь, эхний хагас жилд 9.7 хувь, эхний 9 сард 7.3 хувь, жилийн дүнгээр 5.3 хувийн бууралттай гарч байгаа нь энэ юм.
График1. ДНБ-ий хэмжээ, их наяд төгрөгөөр
Харин улирлын нөлөөллийг арилган тооцсон ДНБ (2010 оны зэрэгцүүлэх үнээр) 2020 оны дөрөвдүгээр улиралд өмнөх улирлаас 2.9 хувиар өсжээ.
ДНБ 2020 онд 5.3 хувиар буурсныг салбараар харвал:
- ( – 2.0 ) пункт нь уул уурхай, олборлолтын салбарт,
- (-3.0) пункт нь үйлчилгээний салбарт, тухайлбал (-1.5) пункт нь тээвэр, мэдээлэл холбооны салбарт, (-1.3) пункт нь бөөний, жижиглэн худалдааны салбарт, харин (-1.1) пункт нь бүтээгдэхүүний цэвэр татварт тус тус ногдож байна.
Түүнчлэн ДНБ 2020 онд эцсийн хэрэглээнд 71.3 хувь, хөрөнгийн нийт хуримтлалд 24.3 хувь, цэвэр экспортод 4.4 хувь нь зарцуулагдаж, өмнөх оноос эцсийн хэрэглээ 4.7 пунктээр, бараа, үйлчилгээний цэвэр экспорт 10.4 пунктээр тус тус нэмэгдэж, хөрөнгийн хуримтлал 15.1 пунктээр буурчээ.
Мөн 2010 оны зэрэгцүүлэх үнээр, эцсийн ашиглалтын аргаар тооцсон ДНБ 2020 онд 18.1 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 1.0 (5.4%) их наяд төгрөгөөр буурсан аж.