Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ өнөөдөр хийв.
Тэрбээр энэ үеэр дөрөвдүгээр сарын 15-наас эхлэн хороодын хэсгийн ахлагч нар олон нийтийн цагдаагийн үүрэг гүйцэтгэх талаар болон онц шаардлага гарахгүй бол автомашины хөдөлгөөнийг тэгш, сондгой дугаараар хязгаарлахгүй гэдгээ дахин илэрхийлсэн юм.
Хотын захирагч С.Амарсайхан “Аймаг нийслэлийн Засаг дарга нарт автомашины хөдөлгөөнийг тэгш сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах санал, чиглэл ирсэн. Одоогоор бид үүнийг хэрэгжүүлэх шийдвэр гаргаагүй, судалж байна. Гэхдээ нийслэлийн зүгээс иргэдийг олноор цуглуулахгүй байх, хувийн автомашинаар нь зорчуулах, нягтралыг сааруулах бодлогынхоо хүрээнд ийм хязгаарлалт хийхгүй гэсэн байр суурьтай байна.
Ойрын хугацаанд ямар нэг онцгой шаардлага, яах аргагүй шалтгаан гарахгүй бол ийм дугаарын хязгаарлалт хийгдэхгүй. Энэ талаар бид Шуурхай штабд байр сууриа илэрхийлсэн.
Эцсийн шийдвэр гараагүй байхад иргэд төөрөлдөх магадлалтай байгаа учраас үүнийг албан ёсоор хэлье. Одоогоор нийслэл рүү орж, гарч байгаа зорчигч, тээвэрлэгч бүрт хяналт тавих ажиллаж байгаа” гэсэн юм.
Мөн тэрбээр “Бид Налайх дүүргийн хяналтын цэгийг цааш нүүлгэсэн. Учир нь Налайхын оршин суугчид үргэлж хот руу зорчдог. Тиймээс нийслэлийнхээ нутаг дэвсгэрийг дундуур нь зааглах шаардлагагүй гэж үзсэн. Хяналтын постыг Налайх дүүргийн захад гаргасан ч хяналт тавих ажил хэвийн явагдаж байгаа.
Түүнчлэн иргэд гудамж, талбайд нус, цэрээ хаясан тохиолдолд Олон нийтийн цагдаа шууд торгодог эрхтэй болж байгаа. Хэрвээ иргэд тийм үйлдэл гаргаж, торгуулах хэмжээний нөхцөл байдал үүсгэсэн бол хэн нэгэнд гомдоллох шаардлагагүй. Гомдоллоо ч нэмэргүй гэдгийг хэлье. Одоогоор хороодын 1700 гаруй хэсгийн ахлагч онлайнаар олон нийтийн цагдаагийн сургалтад онлайнаар хамрагдаж байна. Тэд дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн энэ хүмүүс албан ёсоор ажилдаа орно” хэмээн онцлов.