УИХ-ын гишүүн ТББХ-ны дарга Ц.Сандаг-Очир, УИХ-ын гишүүн С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн, мөн НЭМГ-ын дарга Н.Наранбаатар нар Налайх дүүргийн Эрүүл Мэндийн төвд ажиллаж, эмч, эмнэлгийн ажилтнуудтай уулзлаа.

Энэ үеэр НЭМГ-аас 214 сая төгрөгийн үнэ бүхий HYUNDAI STARIA маркийн түргэн тусламжийн шинэ автомашиныг гардуулан өглөө.
Харин Эрүүл Мэндийн сайд Ж.Чинбүрэн дүүргийн эрүүл мэндийн төвийн дарга Л.Байгал болон эмч нарын хүсэлтээр эрүүл мэндийн төвд нэн шаардлагатай байгаа нярайн амьсгалын аппарат, нярайн СРАР, унтуулгын аппарат-2, зөөврийн ЭХО, эрчимт эмчилгээний хяналтын монитор 2, артерийн даралт шууд аргаар үздэг мөн амьсгалын CO2 хэмждэг аппарат, CRRТ аппарат, бартаат зам туулах чадвар сайтай автомашиныг тус тус шийдвэрлэж өгөхөө илэрхийллээ.
Улмаар мөн эрүүл мэндийн салбар болоод дүүргийн ЭМТ-д 2023 оноос гүйцэтгэлээрээ санхүүждэг болсноос хойш НД, ЭМД-д өр төлбөрүүд үүсэж, санхүүгийн тулгамдсан асуудал үүсээд байгааг анхаарч байгаа төдийгүй, бодлогын түвшинд зохицуулалт хийхээр төлөвлөж байгаагаа ч энэ үеэр уламжилсан юм. Мөн Засгийн Газраас 2027 оныг ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ ЖИЛ болгон зарлаж эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах, эмч ажилчдын нийгмийн баталгааг сайжруулахад анхаарч ажиллаж байгааг Эрүүл Мэндийн Сайд Ж.Чинбүрэн танилцууллаа.

Мөн 2026 оны 1 дүгээр сарын 01-нээс Эмч, эмнэлгийн ажилтнуудын үндсэн цалинг 30 хувиар, 09 дүгээр сараас эхлэн сар бүр 9 хувиар нэмэгдүүлж, цаашид 3.000.000 төгрөгт хүргэхээр болсон зохицуулалтын талаар ч мэдээлэл өгсөн юм.
Налайх Эрүүл мэндийн төв нь 2025 онд хүчил төрөгч үйлдвэртэй болж, өөрсдийн хэрэгцээгээ хангахаас гадна борлуулах боломжтой болсон, 1987 оноос хойш засвар хийгдээгүй байсан төрөх, эмэгтэйчүүдийн тасгаа бүрэн засварласан, гал тогоогоо засварлаж, шинэчилсэн, сэхээ, мэдээгүйжүүлгийн тасгаа шинэчлэн зохион байгуулж, хамар хоолой мэс заслыг шинээр хийж эхэлсэн зэрэг олон томоохон ажлуудыг хэрэгжүүлээд байгаа юм.








































































