Өчигдөр/2020.08.12/ буюу Лхагва гарагт Өмнөд Солонгост коронавирусийн 54 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Үүнээс өмнөх хоёр долоо хоногийн хугацаанд тус улсад өдөрт илэрсэн халдварын тохиолдол нь 50-аас бага тоотой байжээ. Өнөөдрийн 56 тохиолдлын 47 нь дотоодод дамжсан тохиолдлууд юм. Сүүлийн өдрүүдэд илэрсэн тохиолдлуудын ихэнх нь Сөүл орчмын христийн сүмүүдээс гаралтай нь тогтоогджээ.
Өнөөдрийн байдлаар нийт 30 гаруй тохиолдол Сөүлийн хойд талд оршдог дагуул хот Гояаны нэгэн жижиг сүмээс тарсан байна. Энэ сүмээс тарсан халдвар Сөүлийн төв дэх Намдэмун зах, Гояан хотын асрамжийн газарт хүрч, олон хүнийг өвчлүүлжээ. Гояан хотын бас нэг жижиг сүмээс гаралтай 20 гаруй халдварын тохиолдол илэрсэн бол Сөүлээс баруун зүгт оршдог Гимпо хотын нэг сүмээс 17 тохиолдол илрээд байгаа юм.
Эрх баригчид сүмүүдийн үйл ажиллагаанд онцгой анхаарал хандуулж, вирусийн тархалтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг авч, хэрэгжүүлж байна. Сүмүүдээс гадна Сөүлийн төв дахь Лоттериа түргэн хоолны салбар рестораны ажилчдын дунд халдвар тарж, 11 хүн өвчлөөд байгаа ажээ. Өнөөдрийн байдлаар Өмнөд Солонгос улсад коронавирусийн халдварын нийт тохиолдол 14770 хүрч, 305 хүн нас бараад байна.