СТОКГОЛЬМ. /Ritzaus Bureau/. Мутацид орсон коронавирусний дэгдэлтийг зогсоохын тулд амьтдын дунд халдвар тархсантай холбогдуулан үслэг амьтдын үржүүлгийн фермүүдийн бүх усны булгыг Данийн Засгийн газар устгах шийдвэр гаргажээ. “Данийн бүх усны булгыг устгах хэрэгтэй” гэж Данийн Ерөнхий сайд Метте Фредериксен цахим хэвлэлийн бага хуралд оролцох үеэрээ мэдэгдсэн байна.
Хүмүүст тархаж, эсрэг биет үүсгэх чадварыг сулруулж буй мутацид орсон коронавирус нь усны булгануудаас илэрсэнтэй холбогдуулан шийдэмгий алхам хийх шаардлагатай тэрбээр мөн цохон дурджээ. Одоогоор тус улсад мутацид орсон коронавирусээр халдварласан 12 тохиолдол бүртгэгджээ. Энэ халдвар нь Дани даяар тархаад зогсохгүй дэлхий даяар тархана гэдгийг Данийн Ерөнхий сайд анхааруулав.
Бүх усны булгыг устгахад фермерийн аж ахуй эрхлэгчдэд Данийн Зэвсэгт хүчин хийгээд онцгой байдлын агентлагийн ажилтнууд туслах аж. Амьтдыг устгаснаар фермерийн аж ахуй эрхлэгчдэд учрах хохирол 2.3-2.8 тэрбум кронд хүрнэ гэж “Ritzaus Bureau” агентлаг урьдчилан тооцоолж байна. Усны булганы арьсаар хийсэн үслэг эдлэлийн экспортын хэмжээ өнгөрсөн онд Данид 4.9 тэрбум кронд хүрч байсан аж. Данид энэ амьтдын дунд халдвар маш хурдан тархаж, усны булга үржүүлгийн 1139 фермд коронавирус дэгджээ.
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг