ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгийг хойшлуулж, нэгдүгээр сард хийхээр болсныг хэллээ. Тэрээр хойшлуулах зайлшгүй шалтгаан гарсныг тухайн нислэгээр ирэхээр төлөвлөж байсан иргэд ойлгохыг хүсье гэлээ. Энэ нь тусгаарлах байрны хүрэлцээ, дотоодын халдварын нөхцөл байдлаас шалтгаалж буйг тодотголоо.
Энэ сард хийх тусгай нислэгийн хуваарийн дагуу арванхоёрдугаар сарын 16-нд Франкфурт, 20-нд Токио, энэ сарын 25-нд Сөүл чиглэлд тусгай үүргийн нислэг үйлдэхээр төлөвлөж байсан юм.
БНХАУ-ын Өвөрмонголд коронавируст халдвар бүртгэгдсэнээс шалтгаалж, ачаа тээврийн үйл явц удаашраад байсан. Үүнийг дипломат шугамаар хэлэлцэж, тус улсад суугаа элчин сайд Т.Бадрал Эрээн хотод томилолтоо, мөн ГХЯ-ны төлөөлөл хил залгаа аймгуудад ажиллаж байна. Өдөрт 200-300 ачаа тээвэр нэвтрүүлдэг байсан бол огцом буурч 20-30 болсон тул үүнийг нэмэгдүүлэх, хэвийн үйл ажиллагааг хангахад анхаарч байна. 18 жолооч Эрээн хотод байсныг 32-оор нэмж, нийт 50 жолоочийг хоёр талдаа явуулахаар БНХАУ-ын талтай тохиролцсон аж.