ХХ зууны эхэн үед монгол орноос аялаж явсан нэгэн жулчин монголчуудын мэндлэх хүндэтгэх ёсны тухай нэгэн сонирхолтой мэдээг үлдээсэн байдаг. Түүнийг хөдөө нутгаар явж байхад нэгэн монгол эр ноёнтойгоо алс бээрийн зайнаас мэхийн мэндлэж байгааг хараад ямар их хүндэтгэл үзүүлж байна вэ хэмээн бодоод өнгөрчээ. Гэтэл хэсэг хугацааны дараа нөгөө эр ноёнтойгоо хөөрөг зөрүүлэн хууч хөөрөөд сууж байхыг хараад учрыг ер ойлгосонгүй хэмээн гайхширсан байдаг.
Монголчууд мэндлэх ёсыг хүний төдийгүй төрийн ёсонд хамааруулан үзэж мэндлэх хүндлэх зан үйл, дэг ёсыг зөрчсөн хүнийг зэмлэн цээрлүүлдэг байсан уламжлалтай. Мэндлэхдээ дүүмэд хүн ахмад хүнийхээ амар мэндийг, эгэл хүн эрдэмтэн баатар, эзэн дээдсийнхээ амгаланг эрж айлтгадаг нарийн дэгтэй. Олон хүнтэй мэндлэх золгохдоо насны эрэмбээр нь эхэлж мэндэлж золгодог. Мэндлэхдээ дууны өнгө, нүдний харц, биеийн хөдөлгөөнөөрөө гүн хүндэтгэл үзүүлж мэндчилгээнийхээ үгийг уужуу тайван, тод гүйцэт хэлж мэндчилдэг.
Монголчуудын мэндчилгээ ёсолгоог:
Аливаа зочныг хэрхэн угтаж үдэж байгаагаар нь тэр зочныг ямар хэмжээнд хүндэтгэж байгааг мэдэж болдог. Хамгийн хүндтэй эрхэм зочныг унаа хөсгөөр холоос тосч угтдаг. Ховор ирдэг зочныг гэрээс гарч угтан хүлээн авдаг. Орчин цагт гадны өндөр дээд зочид, төрийн удирдах дээд албан тушаалтнууд хөдөө орон нутагт айлчилахад өөрийн орон нутгийн захад очин тосч хүлээн авах, үдэж гаргадаг. Энэ нь монголчуудын уламжлалт угтах ёсны уламжлал юм. Ирж буй хүний өөдөөс хоосон сав, үнс, хог барьж гарах ус цацахыг цээрлэдэг. Айлд орох, гарахдаа айлын ямар нэгэн юман дээгүүр алхаж гардаггүй. Хэрэв айлын үүдэнд ямар нэгэн улаан эд уясан, дээс татсан, шилмүүс мод хатгасан байвал хөл хориотойг тэмдэглэсэн тэмдэг юм .