Их Британид илэрсэн коронавирусийн шинэ хувилбар ОХУ-д бүртгэгдсэн талаар Роспотребнадзор буюу тус улсын Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах газрын дарга Анна Попова мэдээллээ.
Мутацид орсон вирусийн халдвар Их Британиас ОХУ руу буцаж ирсэн хүмүүст тандалтын журмаар хийсэн шинжилгээний үеэр нэг хүнээс илэрчээ. Коронавирусийн шинэ хувилбараар халдварласан тохиолдол ОХУ-д өнгөрсөн оны сүүлчээр бүртгэгдсэн ч эрх баригчид олон нийтэд энэ талаар өчигдөр мэдээлсэн юм. Халдвар авсан иргэний биеийн байдал сайн байгаа бөгөөд одоо халдваргүй болсон гэж Попова хэлсэн байна.
Поповагийн мэдээлснээр өнгөрсөн оны 11 дүгээр сарын сүүлчээс 12 дугаар сарын 22-ны хооронд Их Британиас ОХУ руу 7000 орчим хүн иржээ. Эдгээр хүмүүсээс шинжилгээ авахад 32 хүнээс коронавирусийн халдвар, нэг хүнээс мутацид орсон вирусийн халдвар илэрчээ.
Их Британид коронавирусийн шинэ хувилбар илэрсэнтэй холбогдуулан 50 гаруй улс орон тус улс руу чиглэсэн агаарын болон төмөр замын зорчих хөдөлгөөнийг зогсоогоод байна. Коронавирусийн шинэ хувилбар өмнөхөөсөө 70 хувиар илүү халдвартай хэмээн эрдэмтэд мэдэгдэж буй юм.