ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа коронавирусийн халдварын голомтуудын талаар мэдээллээ.
Тэрбээр “2021 оны нэгдүгээр сарын 25-наас хойш үүссэн 12-13 том голомт идэвхтэй байна. Тухайлбал, БЗД-ийн 8 дугаар хорооны СӨХ-той гарсан голомт идэвхтэй үргэлжилж, 11 хүн өвчилсөн байна. “Жи Би тауэр”-т байрладаг ББСБ-ын халдвар маш идэвхтэй үргэлжилж, эндээс нийт 24 тохиолдол бүртгэгдсэн.
Гутлын цехтэй холбоотой голомтоос 10 хүн бүртгэгдсэн.
Мөн гэр бүлийн хүрээнд БЗД-ийн 26 дугаар хороо, БГД-ийн 12 дугаар хорооны 19 дүгээр байр, БЗД-ийн 5 дугаар хорооны 6 дугаар байрны голомтууд идэвхтэй үргэлжилж байгаа. Нийт бүртгэгдсэн тохиолдол 40 гаруй болсон.
Микс пиццаны газартай холбоотой голомт идэвхтэй үргэлжилж, нийт 15 тохиолдол бүртгэгдсэн байна.
Түүнчлэн хүүхдийн асрамжийн газарт халдвар идэвхжиж байна. Энд гурван багш, хоёр хүүхэд өвдсөн. Үлдсэн зургаан хүүхэд ажиглан тусгаарлагдах байранд тусгаарлагдсан байгаа. Энэ мэт голомтууд идэвхтэй үргэлжилж хүрээгээ тэлсээр байна. Иргэдийн дунд шинж тэмдэггүй өвчилсөн хүн явж байх эрсдэл маш өндөр болсон” гэв.