Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Нэг хаалга-Нэг иргэн” шинжилгээний талаар мэдээлэл өглөө.
“Нэг хаалга-Нэг шинжилгээнд 143,300 хүн хамрагдаж, шинжилгээ өгөөд байна”
Тэрбээр “Нэг хаалга-Нэг шинжилгээ арга хэмжээний хүрээнд нийт 143,300 хүнийг коронавирус илрүүлэх шинжилгээнд хамруулаад байна. Үүнээс 117,417 хүний лабораторийн шинжилгээний хариу гарсан бол үлдсэн шинжилгээнүүдийн хариу үдээс хойш гарахаар байна.
Нэг хаалга нэг шинжилгээний хүрээнд нийт 11 тохиолдол батлагдсан. Тухайн батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал болох зургаан хүн байгаа гэх мэдээ байна. Энэ тоог бага хэмээн ойлгож болохгүй” гэв.
“Нийт 17 тохиолдол батлагдсан”
Үргэлжлүүлэн “Хоёрдугаар сарын 11-13-нд Улаанбаатар хотод гарсан идэвхтэй байгаа 30 голомтод тандалтын өргөтгөсөн шинжилгээг хийсэн. Үүнд нийт 100,000 орчим өрх хамрагдсан. Ингэхэд нийт 17 тохиолдол бүртгэгдээд байна.
Өнөөдөр 16,000 хүнд шинжилгээ хийх бөгөөд өнөөдрөөс өргөтгөсөн байдлаар Сонгинохайрхан дүүргээс эхлээд бүх дүүрэгт хуваарь гарган шинжилгээ хийх юм. Тус дүүрэгт 13 байнгын цэг, таван явуулын цэг ажиллаж байгаа.
“Нэг хаалга-Нэг иргэн шинжилгээ” арга хэмжээнд эрүүл мэндийн 1,900 гаруй ажилтан дайчлагдан ажиллаж байна.
Тус шинжилгээнээс илэрсэн тохиолдол нийт 17 болсон нь маш эрсдэлтэй гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй.
Нэг батлагдсан тохиолдлын ард 4-5 тохиолдол байдаг учраас иргэд халдвар хамгааллын дэглэмийг сахиж, хүний бөөгнөрөл үүсгэхгүй байхыг анхааруулж байна” гэсэн юм.