ХБНГУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны санхүүжилтээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон “People in Need” олон улсын байгууллага хамтран “Leaving No One Behind” тусламжийн төслийг хэрэгжүүлж буй. Тэгвэл уг төсөлд Швейцарын хөгжлийн агентлаг /ШХА/ хамтран ажиллахаар болсон байна.
Төслийн хүрээнд цар тахлын улмаас орлогогүй болсон, орлого нь буурсан иргэд айл өрхүүдэд хүнс, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн худалдан авах эрхийн бичиг өгдөг. ШХА энэ төсөлд нэгдсэнээр 1384 өрхөд дэмжлэг үзүүлэх болсон. Ингэснээр төслийн хүрээнд нийт 2948 өрхөд 100 мянган төгрөгийн эрхийн бичиг өгөх юм.
Энэ талаар ШХА-ийн Монгол дахь хамтын ажиллагааны газрын дарга Стефани Бурри “Цар тахал Монголын нийгэм эдийн засагт хүчтэй нөлөөлж байна. Энэ хэцүү цаг үед цар тахлын нөлөөнд хамгийн их өртсөн, зорилтот бүлгийн иргэдэд яаралтай тусламж үзүүлэхэд Монгол Улсын Засгийн газартай хамтран ажиллана. Бид эдгээр иргэдийн хэнийг ч орхигдуулахгүй байх шийдлийг олох ёстой” хэмээжээ.
Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Монгол Улс Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт үеэр ШХА дээрх төслийн хүрээнд 1500 гаруй өрхөд эрхийн бичиг олгожээ.