-Би өнөөдөр хариуцлагатай мэдэгдэл хийе гэж ирсэн. Өнөөдрийг хүртэл АН-ын дотоод асуудал, хуваагдал, маргааны эх үүсвэр хаана байгаа талаар би байр сууриа илэрхийлж байгаагүй. Энэ нь өнөөдрийн хэл ам, харлуулалтын бай болж ирсэн. Өнөөдөр би албан ёсоор энэ асуудалд цэг тавьж, олон түмэнд нээлтэй хэлье.
Өнөөдөр Монголд хууль, шүүхийн байгууллагыг зорилгодоо ашиглах үйл явц үргэлжилж байгаа. 2017 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгосон сонгуулийн үйл ажиллагаанаас эхлээд Ерөнхийлөгч Х.Баттулга, АН-ын дарга бид хоёрын хувьд үл ойлголцол үүссэн. Өнөөдрийн Ерөнхийлөгч Х.Баттулгын байр суурь улс орны эрх ашиг гэхээсээ амин хувийн эрх ашгийг нэгдүгээрт тавьсан учир зөрчил үүсч эхэлсэн.
Х.Баттулга өөрийг нь нэр дэвшүүлсэн сонгосон АН-ын итгэлийг уландаа гишгэсэн. Өнөөдрийг хүртэл Х.Баттулга гэдэг хүнд Монгол Улсад хэрэгтэй зүйл хийгээгүй. АН-ыг хагаралдуулж, өнөөдрийн байдалд хүрсэн хүн нь Ерөнхийлөгч Х.Баттулга.
Манай намын гурван урвагч намын бодлогын эсрэг санал өгсөн. Эсрэг санал өгүүлсэн хүн нь Х.Баттулга. “Баянгол” зочид буудалдаа бусдыг архидуулж, АН-ыг бутаргаж байгаа хүмүүс бол Ерөнхийлөгч Х.Баттулга, түүний ЕТГ-аар ажиллаж байсан З.Энхболд нар юм. Би Монгол төрийн төлөө 30 жил зүтгэж байна. Надаас ухаад, ухаад ямар ч идсэн уусан, авлигатай холбоотой зүйл гарахгүй хэмээн мэдэгдэв.