Ерөнхийлөгчийн хоригийг ЕТГ-ын дарга Ө.Шижир танилцууллаа.
Төрийн байгуулалтын болон Хууль зүйн байнгын хороо өнөөдөр хуралдаж, гишүүдийн олонх Үндсэн хуулийн цэцийн 02 дугаар дүгнэлтийн тухай УИХ-ын 38 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзжээ.
УИХ-ын чуулганы Пүрэв гарагийн үдээс хойших хуралдаан эхэллээ. УИХ-ын 38 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна
Өмнөх болон одоогийн Ерөнхийлөгч нарыг Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших нь Үндсэн хуультай зөрчилдөнө гэсэн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэц гаргасан билээ. Тус дүгнэлтийг УИХ-ын чуулганы дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж, гишүүдийн олонх дэмжсэн юм.
Харин өнөөдөр Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 2 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн УИХ-ын дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн 38 дугаар тогтоолд бүхэлд нь хориг тавилаа.
Тэрбээр “Монгол ардын нам, түүний удирдлага, гишүүдийн зүгээс явуулж буй улс төрийн өрсөлдөгчөө дарж авах, сонгуульд оролцуулахгүй байх үндсэн зорилго бүхий энэхүү зохион байгуулалттай, гэмт хэргийн шинжтэй үйл ажиллагаа нь Монгол төрийн түүхэнд гутамшиг болон үлдэх тул Улсын Их Хурал энэхүү үйлдлээ хүлээн зөвшөөрч, ард түмэнд хүлээн зөвшөөрөгдөхүйц арга байдлаар залруулах шаардлагатай” хэмээн үзжээ.
Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаанаас гарсан дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд Цэц асуудлыг дахин хянаж, Их суудлынхаа хуралдаанаар, бүрэн бүрэлдэхүүнээрээ эцэслэн шийдвэрлэх хуультай аж.