БНХАУ-ын Эрээн хотод коронавирусийн халдвар гарч Замын-Үүд хилийн боомтын үйл ажиллагааг 2021 оны аравдугаар сарын 14-ний 07.00 цагаас хаасан. Боомт хаагдсантай холбоотойгоор эм, эмийн хэрэгслийн хангамж тасалдах нөхцөл үүссэн талаар ЭМЯ-ны газрын дарга Д.Баярболд мэдээллээ.
Тэрбээр “Коронавирусийн эсрэг эмчилгээнд хэрэгдэх эм, био бэлдмэлийн нөөцийг тодорхой хэмжээнд бүрдүүлсэн. Харин иргэдэд үйлчилдэг бусад эмийн сангийн эм хангамж буурсан мэдээлэл бий.
Монгол Улс хилийн дөрвөн боомтоор буюу Замын-Үүд, Алтанбулаг, Сүхбаатар, Чингисхаан олон улсын нисэх буудлаар дамжуулан эм оруулж ирдэг. Үүнээс дийлэнхийг Замын-Үүд боомтоор импортолж байна. Боомт хаагдсантай холбоотойгоор тодорхой эм, эмнэлгийн хэрэгсэл тасалдах нөхцөл үүссэн.
Эрүүл мэндийн яаманд эм ханган нийлүүлэгч байгууллагуудаас маш олон хүсэлт ирж байна. Үүнийг шийдвэрлэхийн тулд Гадаад харилцааны яам, Улсын Онцгой комиссод хандаж эм, эмнэлгийн хэрэгслийг чөлөөтэй нэвтрүүлэх боломжийг хайж байгаа. Өөр бусад боомтоор оруулж ирэхээр эмийн компаниудтай ярьж байна” гэв.