МАН-ын 30 дугаар их хурлыг ирэх сарын 6-7-нд товлосонтой холбогдуулан тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Арванхоёрдугаар сарын 6-7-нд болох МАН-ын 30 дугаар их хурлаар МАН-ын даргыг сонгох, Хяналтын ерөнхий хороог байгуулахаас гадна хүний эрхийн асуудлыг голлон анхаарч хэлэлцэхээр болсон. МАН эрх барьж байгаа улс төрийн хүчний хувьд ардчилал, хүний эрх, эрх чөлөөнд халтай олон үйлдлийг таслан зогсоож, нийгмийн чинээлэг дундаж давхаргыг бий болгохыг зорьж, дэвшилт бодлогуудыг их хурлаараа танилцуулна.
Цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх шинэ сэргэлтийн бодлогыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулах болно. Бид нийгэмд тулгамдаад байгаа асуудлаар судалгаа явуулж тодруулахад иргэдийн дийлэнхэд нь чинээлэг дундаж давхаргыг бий болгох хүсэл зориг давамгайлжээ. Үүнд саад болж байгаа зүйл бол авлига, албан тушаалын гэмт хэрэг, хүнд суртал, хариуцлагагүй байдал юм. Сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгасны дагуу шүүхийн бие даасан байдлыг хангах, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг сэргээх, ардчилал, хүний эрхийг дээдлэхэд төр, иргэний нийгмийн байгууллын хамтын ажиллагааны эрх зүйн орчныг бүрдүүлж, бэхжүүлэхээр мэргэжлийн хуульчид ажиллаж байна. Мөрийн хөтөлбөрийн хэрэгжүүлэхийн тулд бид цаашид тууштай ажиллах болно” гэв.