Т.Доржханд: LRT төсөл хэрэгжвэл үйл ажиллагааны зардалд улсын төсвөөс жил бүр 50 сая ам.долларын татаас өгнө

УИХ-ын гишүүн Т.Доржхандтай ярилцлаа.


-LRT төслийн талаар та ямар дүгнэлт, байр суурьтай байгаа вэ?

-LRT буюу агаараар явдаг хөнгөн галт тэрэгний төслийн төслийг нь харсан. Түгжрэлийг бууруулах, машинуудыг цөөлж хөнгөн галт тэргийг нэвтрүүлэхийг концепцын хувьд дэмжиж байгаа. Гагцхүү санхүүжилтийн схем, санхүүгийн өрийн дарамтын тухайд дэмжих боломжгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын гаднаас зээл авах боломжтой өрийн хэмжээ нэг тэрбум ам.доллар байна. Олон улсын байгууллагуудаас бид энэ хэмжээний мөнгийг жилийн нэг хувийн хүүтэй, 20-30 жилийн урт хугацаатайгаар зээлэх боломжтой. Гэтэл энэ төслийн санхүүжилтийг үзэхээр зөвхөн нэгдүгээр хэсэг дээр 926 сая буюу бараг нэг тэрбум ам.долларын санхүүжилт орно гэсэн байна. Үүнийхээ 70 хувьд зээл авч хийнэ гэж байгаа юм. Харин зээлээ хятадын арилжааны банкнаас жилийн таван хувийн хүүтэй 15 жилийн хугацаатай авна гэж байна. Хятадын даатгалын компани үүн дээр нь баталгаа гаргана. Шимтгэл нь таван хувь

Энэ бүх төслийг явуулахын тулд Монгол Улсын Засгийн газар 100 хувийн баталгаа гаргана. Өөрөөр хэлбэл, арилжааны нөхцөлтэй зээл дээр баталгаа гаргана гэж байна. Бид хөнгөлөлттэй нөхцөлтэй зээлд баталгаа гаргаж ам.доллараар, эсвэл мөнгөөр нь авах боломжтой байтал тав дахин илүү өндөр өртөгтэй арилжааны зээлийг авах нь. Мөнгөөр мөнгө авдаг байсан бол энэ удаад тоног төхөөрөмж авах гээд байна. Тодруулбал, агаар дээгүүр явах хөдөлгөх бүрэлдэхүүнийг авах юм байна. Энэ бол эдийн засгийн хувьд үр ашиггүй зүйл. Өрөнд ч дарамт үзүүлнэ. Санхүүгийн хувьд ч үр ашиггүй.

-LRT төслөөр жилд 200 гаруй тэрбум төгрөгийн орлого олох боломжтой гэж байсан шүү дээ. Гэтэл яагаад үр ашиггүй болчихов?

-Санхүүгийн үр өгөөжийн үзүүлэлт байхгүй. Эдийн засгийн үр өгөөж гэж байдаг. Эдийн засгийн үр өгөөжид нийгмийн асуудлыг оруулж тооцдог. Тэр нь 13.6 хувь гэж байгаа юм. Олон улсад 13 хувиас дээш байвал санхүүжүүлдэг. Гэхдээ ийм төслийг хувийн сектор санхүүжүүлдэггүй. Үр ашиггүй байдаг учраас төр санхүүжүүлдэг. Яагаад үр ашиггүй гээд байна гэхээр үйл ажиллагааны зардалд зориулж улсын төсвөөс жил бүр 50 орчим сая ам.долларын татаас өгөхөөр төслийн загварт туссан байна. Автобусаар зорчих үнэ 500 төгрөг бол хөнгөн галт тэрэгний үнэ явц дундаа 900-1000 төгрөг болно гэсэн хүлээлттэй байна.

Тиймээс газраар явж байгаа автобуснаас илүү үнэтэй байхаар байна. Тарифыг хоёр дахин өсгөсөн ч төсвөөс жил бүр 50 сая ам.долларын татаас авна гэдэг нь эдийн засгийн хувьд ямар юмных нь үр ашигтай төсөл байх вэ дээ. Тулгамдаж байгаа асуудлаа бодоод шүдээ зуугаад, нүдээ аниад Засгийн газраас санхүүжүүлээд явж болох. Гэхдээ бидэнд тийм орон зай байна уу гэвэл их хүнд. Бид өрийн хэмжээгээрээ дэлхийд нэгт орж байна. Үүнээс гадна төлбөрийн балансын хүндрэл буюу ханшийн эрсдэлтэй улс. Бид зээл авлаа гэхэд зээлээ буцаагаад төлнө. Засгийн газраас баталгаа гаргаж байж хятадын арилжааны банкнаас мөнгө зээлж байгаа юм.

-Төслийг гүйцэтгэх компани нь яг ямар компани вэ. Регистрийн дугаараа ч аваагүй, гурван жил ашигтай ажилласан эсэх нь ч эргэлзээтэй зэрэг олон асуудал байна хэмээн зарим гишүүд ярьсан байсан?

-Хятад компани гэсэн. Одоогоор нэр нь тодорхойгүй байна. Товчхондоо, тэр компани нь санхүүгийн загвар дээрээ зээл авна. Түүнд нь Монголын Засгийн газар баталгаа гаргана. Баталгаанд үндэслэж хятадын арилжааны банкнаас зээл авна. Төсөл үр ашиггүй болбол Монголын тал өрөө төлнө гэдэг схемтэй юм билээ.

-Гэхдээ өнөөгийн нөхцөлд хэрэгжүүлэхэд хамгийн ойр, боломжтой нь энэ төсөл юм биш үү?

-Маш олон шийдэл байна. Жишээ нь, BRT буюу газраар явдаг цахилгаан автобус байна. Үүнийг олон улсад түгээмэл ашигладаг. Автобусыг бодвол илүү хурдан тээврийн хэрэгсэл л дээ. Үүнийг нэвтрүүлэхэд автобусны тусгай зам шаардагдана. Өөр нэг гарц нь нийтийн тээвэртээ хөрөнгө оруулалт хийж татварын бодлогоор дэмжих. Мөн Улаанбаатар хотыг гурван бүсэд хувааж автомашины шаталсан татварын тогтолцоотой болгох. Өөрөөр хэлбэл, нэгдүгээр бүсэд автомашинтайгаа нэвтэрвэл хоёр, гуравдугаар бүсээс арай өндөр татвар төлдөг байхаар зохицуулах ч гэдэг юмуу ийм арга хэмжээ авч болно. Ингэж татвар тогтоосон тохиолдолд иргэд гуравдугаар бүсэд машинаа тавьж, автобусаар нэгдүгээр бүс рүү орж ирэх зэрэг хямдхан, үр өгөөжтэй маш олон хувилбарууд бий. Гэтэл манайхан улс төрөөс айгаад иргэдэд таалагдахгүй болохоор хотын татварыг одоог хүртэл оруулж ирээгүй байна. Дараагийн нэг шийдэл нь үл хөдлөх хөрөнгийн татвар. Өнөөдөр хотын төвд бүгд өндөр оффистой байхыг хүсээд байна. Гэтэл хотын төвийн А бүсэд үл хөдлөх хөрөнгийн татварыг арай өндөр тавиад, дараагийн бүсэд арай бага гэх мэтээр тогтоовол хотоос гарч оффис барих, үйл ажиллагаа явуулахад арай хямд болно. Ингэж татвар, санхүүгийн хөшүүргээр төвлөрлийг сааруулж нийтийн тээврийнхээ асуудлыг шийдэх боломж байна.

-Татварын бодлогоор иргэдийг улам л туйлдуулсан үйлдэл биш үү. Иргэд өнөөдөр амьжиргаагаа залгуулах гэж ядаж л байна шүү дээ?

-Тиймээс л автобус гэж яриад байгаа юм. Автобусныхаа хүрэлцээг сайжруулж, цэвэрхэн болго. Хүн суухад тохитой болго. Автобус руугаа хөрөнгө оруулалт хийчих. Сайн автобуснууд оруулж ир гээд байгаа юм. Тухайлбал, би Японд байхдаа нэг бол автобусаар, нэг бол галт тэргээр явдаг байсан. Нийтийн тээвэр нь цэвэрхэн, шуурхай байдаг. Японы Сангийн сайд нь ч галт тэргээрээ зорчдог. Тиймээс автобусандаа бид хөрөнгө оруулалт хийгээд сайжруулчихвал орлогын ялгаа үүсгэхгүйгээр зорчих боломжтой. Хоёрдугаарт, иргэдэд санхүүгийн хүндрэл үзүүлэхгүй. Үнэхээр их мөнгө төгрөгтэй, тансаг машинтай хүмүүс татвараа төлөөд явах боломжтой шүү дээ.

-Орон нутгаас сонгогдсон гишүүдийн төсвийг танасан учраас LRT төслийг гацааж байна гэсэн дүгнэлт нийгмийн тодорхой хүрээлэлд байх шиг байна. Та үүнд ямар байр суурь илэрхийлэх бол?

-УИХ-ын гишүүн иргэдээ төлөөлдөг болохоос газар нутаг төлөөлдөггүй гэдэг агуулгаараа хандаасай гэж гишүүдэд уриалмаар байна. Өнөөдөр эдийн засаг хүнд байгаа энэ үед тухайн төслийнхөө хөрөнгө оруулалтын үр өгөөж, бий болгох эрсдэлийг сайн тооцож шийдвэрээ гаргах нь зүйтэй гэж бодож байна. Санхүүжилтийн хувьд илүү уян хатан, хөнгөлөлттэй, Улаанбаатар хотын түгжрэлийн асуудлыг шийдэх, нийтийн тээврийн аливаа төслүүдийг би дэмжинэ.

Ер нь төсвийн тогтолцооны нэг гажиг нь төсвийн хөрөнгө оруулалтуудын дийлэнх хэсэг дандаа орон нутаг руу хуваарилагддаг. Улаанбаатар хотод нийт иргэдийн тал хувь нь амьдарч байгаа учраас нийслэлд хөрөнгө оруулалт хийх нь зүйтэй гэж үзэж байна. Орон нутгийн зарим газарт сургууль, цэцэрлэгийн илүүдэлтэй байна. 100 хүүхэдтэй суманд 650 хүүхдийн сургууль барьчихсан байна. Гэтэл Улаанбаатар хотод сургууль олдохгүй байна шүү дээ. Нэг ширээнд гурван сурагч суулгадаг, хоёр ээлжээр хичээллэдэг сургуулиуд өч төчнөөн бий. Үүнээс гадна сумын төвд хүүхдийн эмнэлэг барьтал ганцхан эмэгтэй л тэр эмнэлэгт амаржсан байгаа юм. Бусад бүгд аймаг руу юмуу, эсвэл боломжтой нь хот руу явж үйлчилгээ авсан гэж байна. Гэтэл Улаанбаатар хотод шал нь ч олдохгүй байна шүү дээ. Энэ бол төсвийн тогтолцооны гажгийг илтгэсэн маш тодорхой жишээ. Төсвийн тогтолцооны гажуудал нь манай сонгуулийн системээс болоод байгаа юм. Нийт 76 гишүүний 52 нь орон нутгаас сонгогддог. Ингэхдээ 10 мянган хүний саналаар сонгогддог. Гэтэл Улаанбаатар хотод 24 гишүүн сонгогдохдоо хамгийн багадаа 30 мянган хүний санал авах ёстой. Үүнийг өөрчилж нийт гишүүдийн 50 хувь нь Улаанбаатар хотоос, үлдсэн 50 хувь орон нутгаас сонгогддог байвал харьцаа зөв болно. Ингэснээр Улаанбаатар хотод иргэд рүү чиглэсэн томоохон бүтээн байгуулалт санхүүжүүлэгдэх боломж үүснэ.

-Өрийн тааз хэтрэх аюултай гэж Төсвийн байнгын хорооны дарга мэдэгдсэн. Манай улсын өрийн тааз одоогоор ямар хэмжээнд байгаа вэ?

–Засгийн газрын өр энэ жилийн ДНБ-ний өнөөгийн үнэ цэнээр илэрхийлснээр 60 хувь байх ёстой. Өнөөдрийн байдлаар 51 хувь байна. Есөн хувийн орон зай байна. Өөрөөр хэлбэл, ойролцоогоор 1.2 тэрбум ам.долларын орон зай байна гэсэн үг. Гэтэл LRT төслийн нэгдүгээр хэсэг нь 926 сая ам.доллар. Үүний 510 сая ам.долларыг зээл буюу өр тавина гэж байна. Уг төсөл гурван хэсгээс бүрдэж байгаа. Нэгдүгээр хэсгийн схемийг үзэхээр өрийн үзүүлэлт огцом өсөхөөр байна. Тодорхой хэлэхэд, бид нэг хувийн хүүтэй урт хугацаатай хөнгөлөлттэй зээлээр авсан нь дээр үү, эсвэл 5-10 хувийн хүүтэй арилжааны нөхцөлтэй зээл авч түүн дээрээ урд хөршийн ч гэдэг юмуу бараа бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж авах нь зөв үү. Би эдийн засагч хүний хувьд, төсвийн санхүүжилтийг Монгол Улсын Засгийн газарт арван жил хариуцаж ажилласан мэргэжилтний хувьд буруу гэж бодож байна. Би Сангийн яаманд ажиллаж байхдаа дэлхийн 60 орчим улсын санхүүжилт, 20-иод улс, олон улсын байгууллагын мөнгө яаж орж ирдэг схемийг мэднэ. Хамгийн боломжтойг нь оруулж ирдэг. Түүнээс биш хоёр талт хамтын ажиллагаатай улс орнуудын зээлийн өндөр нөхцөлтэй, тухайн улсаас бараа бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж авдаг экспортын зээлийг манай улс авах нь тохиромжтой биш. Өр огцом өсдөг. Өрөнд ордог. Африкаар дүүрэн Хятадын хөрөнгө оруулалт хийгдэж байна. Үр дүнд нь Африкийн орнуудын төр данхайж, буцаад авлигад идэгдэж байна. Бид энэ алдааг давтаж болохгүй. Нөгөө талаас газар орон нутаг, боомтоо өрөндөө өгсөн улс орнууд байна шүү дээ.

Related Posts

}

Шинэ мэдээ