АН-ын даргын сонгууль дөрөвдүгээр сард улс орон даяар болж, Монгол улсын тав дахь Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга 96 хувийн саналаар ялалт байгуулсан. Тус Ардчилсан намын зүгээс Х.Баттулгыг намын даргаар ёсчлон батламжилж, тамгаа гардуулан өгсөн байдаг.
Гэтэл С.Эрдэнэ даргатай Ардчилсан намыг Улсын дээд шүүх Хууль ёсны Ардчилсан намаар хүлээн зөвшөөрч “Үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлт”-ийг баталсан талаар тус намаас мэдээлсэн.
Уг асуудлыг АН-ын гишүүд, дэмжигчид эсэргүүцэн, УДШ-д АН-ын даргаар батламжлагдсан Х.Баттулгыг бүртгүүлэх материалыг албан ёсоор хүргүүлсэн. Тэгвэл маргааш Х.Баттулгыг АН-ын даргаар бүртгэх эсэхээ УДШ хэлэлцэх юм. УДШ-ийн шийдвэр хэрхэн гарахтай холбоотойгоор тус намын дэмжигчид УДШ-ийн гадна суулт зарлаж, намын даргыг бүртгэхгүй бол “Зулын гол болоход бэлэн” гэх уриа лоозон барин, эсэргүүцлээ илэрхийлж байна.