Бямба гарагт Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун өөрийн төрсөн охиныг анх удаа дэлхий нийтэд танилцуулжээ. Баасан гарагт тус улс Хвасон-17 тив алгасах баллистик пуужингаа туршсан юм. Энэ туршилтын өмнөх өдөр Ким охины хамт туршилтын бэлэн байдлыг шалгасан юм байна.
Энэ үйл явдлын гэрэл зургуудыг Бямба гарагт Умард Солонгосын төв мэдээний агентлаг нийтэд үзүүлжээ. Өмнө нь Ким Жон Уны охины тухай мэдээлэл маш бүрхэг, байдаг эсэх нь ч тодорхойгүй байсан тул энэ нь маш том гэнэтийн явдалд тооцогдож байна. Солонгосын Төв Мэдээний Агентлаг мэдээндээ охины нэрийг дурдаагүй юм.
Ким Жон Уныг хоёр охин, нэг хүү, нийт гурван хүүхэдтэй гэсэн албан бус мэдээлэл байдаг.
2013 онд Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгийн од асан Деннис Родмэн тус улсад зочлоод ирснийхээ дараа Ким Жон Уны нялх охиныг харсан тухайгаа хэвлэлд ярьж байжээ. Зурагт дүрслэгдсэн охиныг 12-13 настай тул аавынхаа туслах болох, цаашлаад Умард Солонгосын дараагийн удирдагч болох бэлтгэл нь эхэлсэн байж болзошгүй гэж ажиглагчид дүгнэж байна.
Баасан гарагт харвасан Хвасон-17 пуужин 69 минутын хугацаанд 6,041 км-ийн өндөрт хүрч, 1,000 орчим километрийн зайд туссан тухай Солонгосын Төв Мэдээний Агентлаг мэдээлжээ. Даваа гарагт АНУ-ын хүсэлтээр НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөл Умард Солонгосын зэвсгийн туршилтын асуудлаар хуралдах гэж байгаа юм.
Эх сурвалж: Reuters