Нүүрсний хулгайг эсэргүүцэж байгаа иргэдийн жагсаал төв талбайд үргэлжилж байна.
“Зарим иргэн суулт зарлан хонож байгаа бөгөөд тэднийг эрүүл мэндийн үзлэгт хамруулж байгаа. Өчигдөр орой 25 хүнийг эрүүл мэндийг хамрууллаа. Хоёр цаг тутам эрүүл мэндийг хянана. Жагсагчид дундаас хүн осгосон асуудал байхгүй” хэмээн НЭМГ-аас мэдээлэв.
Жагсагчдын зүгээс гэр барих зөвшөөрөл олгохгүй, бие засах газаргүй байгааг хэлж байсан. НЗДТГ-аас өчигдөр орой төв талбайд том оврын автобус байрлуулж дулаацах боломжоор хангажээ. Мөн 00-ын асуудлыг шийдэж өгсөн байна.
Харин гэр барих зөвшөөрөл болон жагсагчдын түр штабыг байрлуулах газраар хангах асуудлыг өнөөдөр шийдэхээ мэдэгдсэн байна.
Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газраас төв талбайд хонож байгаа жагсагчид, цагдаа болон эмнэлгийн ажилчдад халуун хоол, цайгаар үйлчилж эхэлжээ.
Жагсаал хийж байгаа иргэд “Шударга эрүүл нийгмийг хүсэж байна”, “Хулгайлагдсан хөрөнгөөр 2023 оны төсвийг бүрдүүл”, “Нүүрсний хэрэгт холбогдсон хүмүүсийн нэрийг зарла” хэмээн эрх баригчдаас шаардсаар байна.