АТГ-аас нүүрсний хулгайд холбогдсон 17 хүний нэрийг зарласан. Тус нэрэнд багтсан МАН-аас сонгогдсон УИХ-ын таван гишүүн АТГ-аас асуудлыг тодруулахаар ирж, хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Б.Баттөмөр, Ц.Сэргэлэн, Н.Наранбаатар, Ц.Анандбазар нар яагаад өөрсдийнх нь нэрийг нүүрсний хулгайч гэж зарласныг АТГ-аас тодруулахаар орохын өмнө өөрсдийн байр сууриа илэрхийлэв.
УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд “Бид тавтай ямар нэгэн байдлаар энэ асуудлаар уулзаж, асууж байгаагүй. Гэтэл гэнэт нэр зарласан. Үүний учрыг тодруулъя.
Жинхэнэ хулгайч нар нь тэнд үлдэж байна. Харин наад талд нь дарга нарыг дагаж гүйдэггүй, таны зөв, дэмжиж байна гэж өрөө, тасалгаагаар нь орж явдаггүй хүмүүсийг зарлаж байна.
Миний авсан мэдээллээр прокурор болон хуулийн байгууллагуудаас нэр гараагүй юм байна. Намаас өгсөн нэр юм байна. Тиймээс бидний нэрийг зарласан хүмүүсээс учир байдлыг асууя. Үнийг илрүүлэх гэж байгаа бол шалга.
Шалгаж чадахгүй бол энэ байгууллага татан буугдах ёстой. Талбай дээр найм, ес хоног жагсаж байгаа ард иргэдийн уурыг намжааж, тэднийг тараахын тулд нэр зарласан болгож байгаа бол эндүүрч байна. Яллагдагчаар, сэжигтнээр татах юм уу ямар нэгэн байдлаар биднээс мэдүүлэг авах ёстой.
Өнөөдөр нэг ч тийм үйлдэл хийгээгүй. АТГ дээр биднийг нэг ч дуудаагүй, энэ асуудлаар хэн ч яриагүй.
Б.Ганхуяг Т.Аюурсайханы л хүн ш дээ. Т.Аюурсайхахны туслах, зөвлөх бүгд баригдчихсан байгаа. Яагаад энэ мэт жинхэнэ хулгайчдаа зарлахгүй байгаа юм. Тавантолгойн хөрс хуулалтаас эхлээд тээвэр, худалдан авалттай холбоотой бүх хулгайчийг зарлах хэрэгтэй. Хэн нь хэн бэ гэдгийг бүгдийг мэдэж байгаа.
Ер нь 49 их наядын хулгайг гудамжнаас хийж чадахгүй. Ордон дотроос энэ хулгайг зохион байгуулна. Тиймээс ордон дотроос хулгайчийг хайх хэрэгтэй” гэв.