“Таван толгой Транс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Дагвадорж нарын гурван хүнийг энэ сарын 16-ны өдрөөс сарын хугацаатай цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах шийдвэрийг шүүхээс гаргасан билээ.
Тэгвэл шүүгчийн захирамжид гаргасан гомдлын дагуу Нийслэлийн прокурор, яллагдагч нарын өмгөөлөгч нарыг оролцуулан хянан хэлэлцэж, шүүгчийн захирамжийг хүчингүй болгожээ.
Тодруулбал, Эрүүгийн цагдаагийн албанаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж “Таван толгой” ХХК-с хууль бусаар нүүрс хулгайлсан байж болзошгүй гэмт хэрэгт “Таван толгой Транс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Дагвадорж, “МБМ транс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Мөнхдөл, “Зун Мен” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ши Шао Хуаг шалган Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд цагдан хорих саналыг хүргүүлснээр, сарын хугацаатай хорьсон байдаг.
Гэвч тус хэргийг шалгах Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс нь Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт хамаарах тул харьяалал зөрчигдсөн гэх үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.