Украины дайны хамгийн халуун цэг болоод буй Бахмут хотын тулаанд хоёр командлагчаа алдсан тухай ОХУ-ын батлан хамгаалах яам Ням гарагт мэдээлжээ.
Фронтын шугамыг нэвтлэх Украины армийн довтолгоог няцаах тулааны үеэр тэднийг алагдсан гэж яамны мэдэгдэлд тайлбарласан байна.
Дөрөвдүгээр мото буудлагын бригадын командлагч, хурандаа Вячеслав Макаров хүнд шархдаж, тулааны талбараас шилжүүлэх явцад амьсгал хураажээ.
Армийн корпусын улс төрийн асуудал хариуцсан дэд командлагч, хурандаа Евгений Бровко сумны хэлтэрхийд оногдсоны улмаас амь үрэгдсэнийг ОХУ-ын батлан хамгаалах яамны мэдэгдэлд өгүүлсэн байна.
Дээрх мэдэгдэлдээ бас Украины арми фронтын шугамыг нэвтэлж чадалгүй олон зуун цэргээ алдсан тухай дурджээ.
Өнгөрсөн Баасан гарагт ОХУ-ын батлан хамгаалах яам анх удаагаа Бахмутын ойролцоо фронтын шугамаас цэргүүд нь ухарсныг хүлээн зөвшөөрсөн юм.
Гэхдээ үүнийг хүчээ дахин хуваарилах зорилготой тактикийн ухралт байсныг ОХУ-ын батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Игорь Конашенков тайлбарлаж байв.
Дараа нь Бахмутын тулаанд тэргүүлэх үүрэгтэй оролцож буй хувийн зэвсэгт хүчний Вагнер группийн тэргүүн Евгений Пригожин уг тайлбарыг няцааж, үүнийг “эмх замбараагүй ухралт” гэж дүгнэсэн юм. Пригожин бас Украины армийн довтолгоо амжилттай болж, Часов Яр тосгон чиглэлийн гол замыг хяналтдаа авсан тухай мэдээлж байв.
Ням гарагт Украины ерөнхийлөгчийн зөвлөх Михаило Подоляк хэвлэлд ярихдаа Бахмутын тулаанд гаргасан амжилтаа удахгүй эхлэх сөрөг давшилтын “оршил хэсэг” гэж тодорхойлсон юм.
Эх сурвалж: Business Insider, Reuters