Нүүрсний гэх тодотголтой 11 хүнд холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр үргэлжилсэн юм.
Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэг /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Худал мэдүүлэх/, 20.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг /Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх/, 22.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг /Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Хахууль өгөх/, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт /Мөнгө угаах/ тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан Т.Аюурсайхан, Б.Ганхуяг, Т.Түвшинбаатар, Х.Батхишиг, О.Данзанлувсантүдэв, Б.Отгонжаргал, Г.Гантөмөр, О.Дагвадорж, И.Дагвадорж, П.Бадамханд, Б.Эрдэнэбаяр нарт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн.
Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр хэрэг, маргааны талаарх тайлбар, мэдүүлгийг яллагдагч тал болон өмгөөлөгчид шүүх бүрэлдэхүүнд танилцуулсан.
УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг есдүгээр сарын 28-ны 14:00 цагт товлосон байна.