2024 оны УИХ-ын ээлжит сонгуулийн дүнгээр бүрдсэн шинэ парламентын намрын чуулган өнөөдөр нээлтээ хийлээ. 126 гишүүнээс 100 нь ирцээ бүртгүүлснээр чуулганы нэгдсэн хуралдаан 74 хувийн ирцтэйгээр эхэлснийг УИХ-ын дарга мэдэгдсэн.
Тэрбээр чуулганы хуралдааныг нээж хэлсэн үгэндээ “Энэ намрын чуулганаар бид эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг илүү боловсронгуй болгож, улмаар гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, нэг салбараас хамааралтай эдийн засгийн суурийг өргөжүүлж, солонгоруулах, дотоодын бизнес эрхлэгчдийг дэмжих, эдийн засаг дахь төрийн оролцоог багасгах хууль, эрх зүйн шинэчлэлийг хийх шаардлагатай байна.
Бидний гадаад орчинд, дэлхий дахинаа томоохон хүчнүүдийн геостратегийн өрсөлдөөн өрнөж, олон улсын харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд нөлөөлж байна. Иймд, төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг хэлэлцэхдээ гадаад хүчин зүйлсээр нөхцөлдүүлсэн эдийн засгийн хүндрэлийг амжилттай даван туулж, сэргэж байгаа эдийн засгийг цаашид тогтвортой хадгалж, иргэдийн бодит орлогыг хамгаалах асуудлыг онцгойлон анхаарах учиртай” гэлээ.