Стандарт, хэмжил зүйн салбарын удирдах ажилтны сургалт, зөвлөгөөн хоёр өдөр болж өндөрлөлөө.
Тус арга хэмжээнд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан оролцож, “Стандарт, хэмжил зүйн салбарын хөгжилд Монгол Улсын Засгийн газраас баримталж буй бодлого, үйл ажиллагаа”-ны талаар танилцуулж, мэдээлэл хүргэлээ.
Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Нэг улс-Нэгдсэн стандарт” хөтөлбөр хэрэгжүүлэх, бүтээн байгуулалт, мега төслийг дэмжих, технологид суурилсан инновацийг бий болгохын тулд олон улсын стандартыг нутагшуулах, Хэмжил зүй, сорилт туршилтын лабораторийн техникийн чадавхийг нэмэгдүүлэх зорилтуудыг тусгасан байна.
Энэ хүрээнд стандартчилал, хэмжил зүйн салбарын цаашдын хөгжилд түлхэц үзүүлэх, салбарын тулгамдсан асуудлуудыг шийдэх, хүн амын эрүүл, аюулгүй амьдрах орчныг хангах зорилгоор “Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгааг Шадар сайд онцоллоо.
Мөн Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори нь пестицидийн үлдэгдлийг 100 хувь тодорхойлж, хүнсний аюулгүй байдлыг хангах нөхцөлийг сайжруулсан. 11 аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэс шинээр физик, химийн болон уртын хэмжих хэрэгслийг шалгаж баталгаажуулах лабораторитой болсон байна.