Өвөлжилтийн бэлтгэл ажлын явцтай танилцах өргөтгөсөн хуралдаанд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан оролцож, “2025-2026 оны намар, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд Улсын онцгой комиссоос авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ”-ний талаар өчигдөр танилцууллаа.
Гангийн эрсдэлийн ерөнхий үнэлгээгээр 330 сумаас 220 гаруй сум гантай, ургамлын гарц тааруу, малын тарга тэвээргэ сайнгүй байгаа учраас өвөлжилт хүндрэх эрсдэлтэй байна.
-
Өвөрхангай, Баян-Өлгий, Өмнөговь, Ховд, Дорноговь их эрсдэлтэй,
-
Увс, Завхан, Архангай, Говь-Алтай, Баянхонгор, Төв, Өвөрхангай, Дорнод, Өмнөговь, Дундговь, Дархан, Сэлэнгэ, Хэнтий аймгууд дунд эрсдэлтэй,
-
Булган, Хөвсгөл, Орхон аймгууд бага эрсдэлтэй гэсэн судалгааны дүн гарсан.
Улсын онцгой комиссын III хуралдааныг энэ сарын 11-нд зохион байгуулж, өвөлжилтийн бэлтгэлийг бүх шатанд хангах, аймаг, сумын аюулгүйн нөөцөд өвс, тэжээл бэлтгэх ажлыг шуурхай зохион байгуулах, отор нүүдлийн бэлтгэлийг хангах, бэлчээрийн ногоон өвс хадаж экспортлохыг хязгаарлах, эрчим хүч, дулааны эх үүсвэрүүдийн хэвийн найдвартай үйл ажиллагааг хангах, улсын хэмжээнд газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлтийг тогтвортой хэмжээнд хангах зэрэг 14 чиглэлээр аймаг, сум, нийслэлийн удирдлагуудад үүрэг өгчээ.
Ерөнхий сайд Г.Занданшатар дараах үүрэг чиглэлийг өглөө.
-
Эрчим хүчний салбарт үүссэн асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор Эрчим хүчний сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулан, хуримтлагдсан өр төлбөрийг нэн яаралтай шийдвэрлэх, эрчим хүчний салбарын үйлдвэр, компаниудын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, төлөвлөсөн хугацаанд нь хийж гүйцэтгэх,
-
Нүүрсний 15 хоногийн аюулгүйн нөөц бүрдүүлэн ажиллах;
-
Улаанбаатар, аймгийн төв, суурин газруудын цэвэр бохир ус, дулаан шугам сүлжээн засвар техник, туршилт тохируулга, урсгал болон их засварын ажлыг хийж гүйцэтгэх,
-
Улаанбаатар, аймаг, сум, дүүргийн орон сууц болон төрийн ба хувийн аж ахуйн нэгжүүдийн цахилгаан эрчим хүч, дулаан, усаар найдвартай хангах, ирэх өвөл гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, иргэдийг ая тухтай, амар тайван өвөлжих боломжоор хангах,
-
Ган, зудын эрсдэлийг бууруулах зорилгоор зарцуулсан өвс, тэжээлийн хуримтлагдсан өр төлбөрийг барагдуулах,
-
Хүн амын гол нэр төрлийн бүтээгдэхүүний нийлүүлэлтийг тасалдуулахгүй байхад онцгой анхаарч, мах,төмс, хүнсний ногооны дотоодын нөөц бүрдүүлэх,
-
орон нутагт өвс тэжээлийн нөөцийг бүрдүүлэхэд хяналт тавих чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгуулан ажиллах,
Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд бүс бүр отор нүүдлийн судалгаа, бэлчээрийн өвс ургамлын нарийвчилсан судалгаа гаргаж, өвлийн бэлтгэлээ сайтар хангахад анхаарч ажиллахыг үүрэг болголоо.