Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2015.10.14/ хуралдаан 14 цаг 14 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж,\”Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.
Энэхүү тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг байнгын хорооны өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар хэлэлцсэнийг чуулганы нэгдсэн хуралдаанаас дэмжиж анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн юм. Манай улсад суугаа гадаадын зарим орны Дипломат төлөөлөгчийн болон Консулын газар, олон улсын зарим байгууллагын ашиглаж байгаа газрыг улсын тусгай хэрэгцээнд авахтай холбогдуулж Засгийн газраас уг тогтоолын төслийг санаачлан боловсруулжээ. Монгол Улсад суугаа гадаад орнуудын Дипломат төлөөлөгчийн газруудын ашиглаж байгаа газрыг Монгол Улсын газрын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.4-т заасны дагуу Улсын Их Хурлын тогтоолоор улсын тусгай хэрэгцээнд авдаг юм.
Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр тогтоолын төсөлд тусгагдсан гадаад улсын Элчин сайдын яамдад газар олгохдоо тухайн улстай харилцан эрх тэгж байх зарчмыг баримталж байгаа эсэх талаарх холбогдох судалгаа, мэдээллийг гаргаж Улсын Их Хурлын гишүүдэд танилцуулах санал гаргаж байсан юм. Гишүүний энэ саналтай холбогдуулан манай улсаас хилийн чанадад суугаа болон гадаад улсаас Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудын байрны талаар Гадаад хэргийн яамнаас танилцуулга бэлтгэж Улсын Их Хурлын гишүүдэд ирүүлсэн байна.
Уг танилцуулгаас үзэхэд Монгол Улсаас хилийн чанадад суугаа нийт 48 Дипломат төлөөлөгчийн газруудын 47.9 хувь нь өөрийн улсын хөрөнгөөр худалдаж авсан ажлын болон орон сууцны зориулалттай барилга байгууламжтай бол 11 Элчин сайдын яам, 10 Ерөнхий консулын газар болон Консулын газар нь тухайн суугаа орны үл хөдлөх хөрөнгийн зах зээлээс байр, орон сууц түрээсэлж ажилладаг аж. Харин манай улсад суугаа гадаадын 27 Дипломат төлөөлөгчийн газраас 8 нь Монгол Улсын өмчийн, 9 нь тухайн улсын өмчийн, 10 нь манай улсын хувийн хэвшлийн өмчийн байранд үйл ажиллагаагаа явуулдаг юм байна.
Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд Улаанбаатар хотод Буриадын соёлын төв байгуулах газрын асуудал хэрхэн шийдэгдсэн талаар ажлын хэсгээс тодруулж хариулт авсан юм.
Ингээд Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд байнгын хорооны гишүүдээс тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй санал гараагүй тул тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжлээ. Түүнчлэн тус байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг дэмжсэн тул энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтов.
Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар Цөмийн энергийн комиссын мэдээллийг сонсохоор төлөвлөсөн байсан ч энэ асуудлын талаар Монгол Улсын Ерөнхий сайд чуулганы нэгдсэн хуралдаанд мэдээлэл хийхээр болсон тул байнгын хорооны энэ удаагийн хэлэлцэх асуудлын дарааллаас хассан юм гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.